Монголын уншигчид дэлхийн бестселлер номын зохиолчидтой уулзаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Олон улсад хамгийн борлуулалттай уран зохиолын номын зохиолчтой онлайнаар уулзах үйл ажиллагааг Монголд анх удаа зохион байгууллаа.
Сүүлийн жилүүдэд Монголын
уншигчид зөвхөн эх хэлээрээ бус англи хэлээр дэлхийн шилдэг номуудыг шимтэн
уншдаг болсон. Тиймээс “World of language” болон “Одмөндөр” төслийн хамтын
ажиллагааны хүрээнд манай уншигчид анх удаа дэлхийн алдартай зохиолчидтой онлайнаар
уулзах боломж олгосон нь энэ.
Уг уулзалтад Боловсролын сайд, УИХ-ын гишүүн П.Наранбаяр, АНУ, Англи, Австралийн ЭСЯ-ны төлөөлөгчид тэргүүтэй 500 гаруй зочин оролцов. Бичсэн ном нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж буй найман зохиолч энэхүү уулзалтад оролцсон бөгөөд дөрөв нь хүүхдийн сэдвээр, дөрөв нь насанд хүрэгчдэд зориулсан зохиолын талаар ярилцлага өрнүүлж байна. Тодруулбал, дөрвөн зохиолч уулзалтаа өнөөдөр зохион байгуулсан бол маргааш үлдсэн нь уншигчдын асуултад дэлгэрэнгүй хариулах юм.
“World of Language” компанийн зөвлөх Жон Пэрсонс ярихдаа, “Сүүлийн гурав хоногт нийслэлийн зургаан дунд сургуулиар явж уран зохиолын талаар хүүхдүүдээс асуухад зохиолчдыг мэдэхээс гадна дүрийн онцлог, өрнөх үйл явдлын талаар мэдэж байсан нь намайг гайхшруулсан” гэв.
Харин тус компанийн гүйцэтгэх захирал К.Дэмбэрэл, “Ухаан далай номоос эхтэй, эрхэм баян эрдэм ном гэж ярьдаг. Энэ бол номонд хайртай, шимтэн уншдаг хүмүүст зориулсан үйл ажиллагаа бөгөөд Монголын уншигчийг дэлхийн өнөө цагийн нэр хүндтэй найман зохиолчтой уулзуулж байна. Англи хэлийг эзэмших чадвараас хамгийн чухал зүйл нь бичих чадвар. Цаашид дэлхийн шилдэг зохиолчидтой уулзах нь залуучуудын сэтгэл, тэмүүлэл, асуудалд хандах хандлагаас шалтгаална” хэмээн ярилаа.
Монголын уншигчдад дэлхийн уран зохиолын ертөнцөөр аялах боломж нэгээр нэмэгдэж байна.
“Туушин” зочид буудалд маргааш үргэлжлэх уг онлайн уулзалтад Их Британийн хүүхдийн зохиолч Росс Велфорд, Ирландын Сесилия Ахерн, Британийн нэрт зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч, багш, хүмүүнлэгийн зүтгэлтэн Майкл Морпурго, сэтгэлзүйн триллер, романтик өгүүлэмжийн мастер зохиолч Адел Паркс нар оролцох ажээ. Уулзалтад оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.