ЗАВХАН: Монгол бичиг, уран бичлэгийн уралдаануудад Сантмаргаз сумын хүүхдүүд хошуучлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай. 2026 оны дөрөвдүгээр сарын 21. /МОНЦАМЭ/. Үндэсний
бичиг үсгийн баярын хүрээнд Завхан аймагт “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн XI
уралдаан, мөн монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын XX уралдаан тус
тус боллоо.
Монголын нэрт яруу найрагч Ренчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан түүний намтар, уран бүтээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулах зорилгоор “Төрөлх монгол хэл” уран бичлэгийн уралдааныг зохион байгуулсан байна.
Уралдаанд Завхан аймгийн найман сумаас 15 сурагч
оролцож, авьяас чадвараа сорин өрсөлджээ. Тэргүүн байрыг Улиастай сумын Дэвшил
сургуулийн 11а ангийн сурагч н.Ганзул эзэлсэн бол удаах байруудад Их-Уул сумын
ерөнхий боловсролын сургуулийн сурагч Л.Тунгалаг, Улиастай сумын ЧЭС-ийн 10в
ангийн сурагч Ю.Ариунгоо, Цагаанхайрхан сумын ерөнхий боловсролын сургуулийн 8а
ангийн сурагч Х.Сувдмаа, Сонгино сумын ерөнхий боловсролын сургуулийн 8б ангийн
сурагч Т.Жавзандулам нар шалгарлаа.
Монгол бичиг, соёлоо өвлүүлэн уламжлуулах, суралцагчдыг дэмжин урамшуулах зорилготой монгол бичгийн тэргүүний уншигч шалгаруулах улсын уралдаанд 12 сумын 70 гаруй суралцагч оролцсон байна.
Уралдааны 6-7 дугаар
ангийн ангилалд Сантмаргац сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн
сурагч Х.Лхагважаргал тэргүүлж, Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн сурагч
П.Анар-Эрдэнэ, Ургамал сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч
Б.Отгондэмбэрэл, Яруу сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч
С.Бадамцэцэг, Улиастай сумын ЧЭС-ийн 7а ангийн сурагч О.Нандин-Учрал нар
удаалжээ.
Харин 8-9 дүгээр ангийн ангилалд Сантмаргац сумын ерөнхий
боловсролын сургуулийн 9а ангийн сурагч Б.Энэрэл-Билгүүн, 10-12 дугаар ангийн
ангилалд Цагаанчулуут сумын ерөнхий боловсролын сургуулийн 12а ангийн сурагч
Б.Алтанцэцэг нар тус тус тэргүүлсэн байна.
Эдгээр уралдааныг Завхан аймгийн Боловсролын газар, Хэлний бодлогын зөвлөл болон монгол хэл, уран зохиолын багш нар хамтран зохион байгуулсан талаар Завхан аймгийн төв номын сангаас мэдээлэв.

Уран уншлагын тэмцээний үеэр

Уран бичлэгийн тэмцээний үеэр