Хөгжлийн сангийн хөрөнгөд “Иргэний хяналтын зөвлөл” хяналт тавина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 10:47:26

Өвөрхангай аймгийн Хархорин суманд энэ жил 221 сая төгрөгөөр 20 төсөл, арга хэмжээг хэрэгжүүллээ.

2013 оноос хойш он дамжин ирсэн 420 сая төгрөгийн өртөг бүхий спорт заалыг 135 сая төгрөгөөр,  Эрдэнэзуу гудамжны тохижилтын ажлыг 104 сая, тус гудамжинд явган хүний зам тавих ажлыг 800 гаруй мянга, Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг 500 гаруй мянга, Сансар хороонд гүнийн худгийг 15 сая төгрөгөөр тус тус гүйцэтгээд байна.

Мөн бүрэн санхүүжилт байхгүйн улмаас сумын төвийн хүн, хөл ихтэй гурван газарт камер байрлуулж, үүнд 20 орчим сая төгрөг зарцуулсан бол хайгуулын эрх авсан компаниас 10 сая төгрөгийн хандив өгснийг хаадын хөшөө босгоход зориулсан байна.

Хаягжуулалтын ажилд 1,2 сая, нэгдсэн хогийн цэгийн төлөвлөлтийг сайжруулахад 2 сая, ногоон бйгууламжийн арчлалт, тордолтонд 3 сая, Их гүрэн цогцолборын тохижуулалтад 5 сая төгрөгийг тус тус зарцуулж, нийт төлөвлөсөн ажил 80 хувьтай гүйцэтгэгдэж байгаа аж.

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын гүйцэтгэлд хяналт тавих зорилгоор “Иргэний хяналтын зөвлөл” байгуулсан бөгөөд ингэснээр орон нутгийн төсвө хөрөнгийг хэл амгүй, үр ашигтай зарцуулахад чухал нөлөөлөлтэй байдаг хэмээн сумын Засаг дарга Л.Энхбат хэлж байлаа.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ