Тосонцэнгэл-Улаангомын замд 5-7 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломж буйг сэтгүүлчид сануулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-04 13:09:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төвийн хэвлэл мэдээлэлд ажиллаж байгаа, Завхан аймгаас гаралтай сэтгүүлч М.Амарбаяр, Б.Баасанбямба, И.Буянжаргал, Ч.Батсүх нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангомын чиглэлд барих 167 км автозамын ажил анх төлөвлөсний дагуу хийгдэхгүй байгаа талаар мэдээлэв.
Баруун аймгуудыг нийслэлтэй холбох нэг гол замын ажил эхэлж байгааг нутгийн иргэд талархалтай хүлээн авч байгааг тэд дуулгахын сацуу шинээр барих дээрх зам Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумын төвийг дайран өнгөрөхөөр байтал өнөөдрийн байдлаар замын зураг, төсөв өөрчлөгдсөнд сэтгүүлчид гайхаж байгаагаа хэлж байв.
Сэтгүүлч М.Амарбаяр, “Одоо шинэ замыг Тосонцэнгэл сумын баруун талаас буюу 4 замын уулзвараас эхлэн барихаар тооцсоноос харахад Улиастайн замтай зэрэгцсэн 25 км хоёр зам үүсэхээр байна. Хэрэв шинэ замыг Улиастайн замаас салаалж эхлүүлвэл хоёрын хоёр зам зэрэгцэхгүйгээс гадна 10 км зам буюу 5-7 тэрбум төгрөг хэмнэж болохоор  байна. Ингэснээр замын баталсан гэрээний үнийн дүн болон замын уртад өөрчлөлт орохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ийм боломж байсаар байтал замын ажлыг яагаад сумын төвүүдийг дайруулахгүйгээр эхлүүлж байгаад сэтгүүлчид санаа зовж, хэмнэж болохоор хөрөнгөөр сумын төвийг гол замтай холбох нь эдийн засаг, хөгжлийн хувьд орон нутгаа бодсон үр ашигтай тооцоо гарсныг дуулгаж байна” гэв.
Энэ талаар Нөмрөг сумын ИТХ, Засаг даргаас Зам, тээврийн хөгжлийн яаманд хүсэлт явуулсныг сэтгүүлч Б.Баасанбямба хэлээд, ер нь төр, засгийн зүгээс аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ иргэдтэйгээ зөвлөлдөж байна гэсэн зарчим энд алдагдаж байгааг сануулав. Сэтгүүлчид бид өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг нэг нутгаас гаралтай гэдгээрээ хийж буй биш, гол нь төсвийн хөрөнгийг үр ашиггүй байдлаар зарцуулах гэж байгаад  төр, засагт салбарын яаманд дамжуулж байна гэсэн юм.
Завхан аймгийн Тосонцэнгэл-Увс аймгийн Улаангомын чиглэлийн 167 км автозамыг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юанийн өртөгтэйгөөр хоёр жилийн дотор концессын гэрээгээр барихаар Засгийн газартай гэрээ байгуулаад ажлаа эхлүүлээд байгаа аж.
 
Б.Болд
Холбоотой мэдээ