ТББХ: Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-09 16:16:45

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх тухай хэлэлцлээ.


УИХ-ын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилуулах санал оруулж буйгаа УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан юм.


Б.Баасандорж нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр, 1987-1997 онд нийслэлийн 5 дугаар дунд сургууль, 1997-2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, 2009-2011 онд АНУ-ын Калифорнийн Олон улсын их сургуулийг Бизнесийн удирдлагын мастерын зэрэгтэйгээр төгссөн. 2001-2002 онд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, 2002–2006 онд УИХ-ын Тамгын газарт Хуулийн хэлтсийн шинжээч, 2006-2008 онд Хууль зүйн байнгын хорооны референт, 2008-2009 онд Хууль зүйн байнгын хорооны зөвлөх, 2011-2013 онд Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны Ахлах зөвлөх, 2013-2015 онд ХЗЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын дарга, 2015-2018 онд УИХ-ын Тамгын газарт Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх, 2018-2020 онд УБЕГ-ын дарга, 2020-2022 онд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, 2022-2023 онд МХЕГ-ын дарга, 2023 оноос одоог хүртэл ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар ажиллаж байгаа. Төрийн албанд 23 дахь жилдээ ажиллаж, хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлж, батлуулах чиглэлээр 16 жил, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр 5 жил, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах чиглэлээр 2 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 15 жил ажиллажээ.


УИХ-ын дарга түүнийг УИХ-ын тухай хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх шаардлагыг бүрэн хангаж байгаа нэр дэвшигч гэдгийг тодотголоо. Б.Баасандорж төрийн албанд гүйцэтгэх албан тушаалаас удирдах албан тушаал хүртэл шатлан дэвшиж, хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад ажилласан туршлагатай. Хүний эрхийн салбар, нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийг хангах, шүүх, улсын бүртгэлийн шинэтгэл зэрэг хууль тогтоомжийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулжээ. Тухайлбал,  Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан 126 гишүүнтэй парламент, хувь тэнцүүлсэн, олонхын сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төслийг боловсруулах, иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх Засгийн газрын Дэд ажлын хэсгийг ахалж байсан юм. Мөн төрийн захиргааны үйл ажиллагаа, төрийн үйлчилгээнд процесс суурьтай, оновчтой, үр дүнтэй засаглалыг бэхжүүлэх зорилгоор гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хүрээнд процессын дахин инженерчлэлийг эхлүүлж,  нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, ирээдүйн загварыг гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ.

Иймд УИХ-ын тухай хуулийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Баасандоржийг томилуулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулж байна гэлээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Баасандоржийг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжив.


Дараа нь Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. “Журам батлах тухай” УИХ-ын 2020 оны 50 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам”-ын 10 дахь заалтын “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын дагуу тангаргийг ээлжээр уншина.” гэснийг “Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж бусад гишүүд давтан хэлнэ. Засгийн газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж болно” гэж өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгажээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжив. Мөн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төсөл, үүнтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцууллаа. Шинээр эмхлэн байгуулах Засгийн газар Ерөнхий сайд, 22 сайд, 16 яамтай ажиллахаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг тодорхойлжээ. Хуулийн төслийн үзэл баримтлалд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг дараах байдлаар тусгасан байна.


Засгийн газрын бүтэц:

1. Эдийн засаг, хөгжлийн яам;

2. Гадаад харилцааны яам;

3. Сангийн яам;

4. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн яам;

5. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам;

6. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам;

7. Батлан хамгаалах яам;

8. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам;

9. Боловсролын яам;

10. Гэр бүл, хүний хөгжлийн яам;

11. Зам, тээврийн хөгжлийн яам;

12. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам;

13. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;

14. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам;

15. Эрчим хүчний яам;

16. Эрүүл мэндийн яам.

Засгийн газрын бүрэлдэхүүн: 

1.    Монгол Улсын Ерөнхий сайд

2.    Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд;

3.    Монгол Улсын Шадар сайд /онцгой байдлын асуудал эрхэлсэн/;

4.    Монгол Улсын Шадар сайд /өрсөлдөөний асуудал эрхэлсэн/;

5.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;

6.    Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга;

7.    Монгол Улсын сайд, 20 минутын хот-Үндэсний хорооны дарга;

8.    Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга;

9.    Гадаад харилцааны сайд;

10. Сангийн сайд;

11. Шударга ёс, хууль зүй, дотоод хэргийн сайд;

12. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд;

13. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд;

14. Батлан хамгаалахын сайд;

15. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд;

16. Боловсролын сайд;

17. Гэр бүл, хүний хөгжлийн сайд;

18. Зам, тээврийн хөгжлийн сайд;

19. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд;

20. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

21. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд;

22. Эрчим хүчний сайд;

23. Эрүүл мэндийн сайд.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газар бүтэц, бүрэлдэхүүнээ шинэчлэн тогтоохдоо өнгөрсөн 30 жилд явж ирсэн Засгийн газрын бүтэцэд тулгуурлан, ерөнхий чиг хандлагыг Англи, Герман, Сингапур зэрэг парламент нь манайхтай төстэй, холимог тогтолцоотой улс орныхтой төстэй байхаар тодорхойлсон гэв. НХХЯ-ыг гэр бүл, хүний хөгжил рүү чиглүүлж, үндсэн үзэл баримтлалыг хүний хөгжил гэдэг ойлголт руу хандуулсныг тодотгосон. Түүнчлэн залуусыг соёл, спорт, аялал жуулчлалтай хамтатган авч үзэх нь олон улсын нийтлэг жишиг гээд энтертайнмент, бүтээлч үйлдвэрлэлийн салбартай залуус идэвхтэй холбогдож байж ирээдүйд итгэх итгэл, эх оронч үзэл төлөвшинө гэж үзэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамыг байгуулахаар төлөвлөсөн гэлээ. Уул уурхайг зөвхөн ухах гэж ойлгох бус дэвшилтэт технологид тулгуурласан, үйлдвэржсэн чиглэл рүү орох нь зүйтэй учир Аж үйлдвэрийн яамыг уул уурхайгаас салгаж болохгүй хэмээн тайлбарлалаа.

Хууль зүй, дотоод хэргийн асуудлыг шударга ёс гэдэг агуулга руу оруулж ирснийг Ерөнхий сайд тодотгоод, зөвхөн хууль сахиулах биш шударга ёсыг нийгэмд тогтооххууль тэгш үйлчлэххүний эрхийн асуудлыг ч хамтад нь авч үзэх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам нь бодлого төлөвлөлтийн яам гэдэг агуулгаар ШУА-ийг Эдийн засгийн хөгжлийн яам руу татсан гэлээ.

Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэнийг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Related news