"Нейралинк"-ийн чипийг хоёр дахь өвчтөнд суулгахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-05-21 13:47:16

НЬЮ-ЙОРК, 2024 оны тавдугаар сарын 21. /WSJ/. Америкийн нейротехнологийн “Нейралинк” компанид зохион бүтээсэн “Телепати” чипийг хоёр дахь өвчтөнд суулгахыг АНУ-ын эрх баригчид зөвшөөрчээ. 


“Уолл Стрийт Жорнал” (WSJ) сонинд мэдээлснээр, Илон Маскийн компани эхний туршилтад оролцогчид үүссэн асуудлыг шийдвэрлэж, төхөөрөмжийн хэт нимгэн утсыг шинэ өвчтөний тархинд илүү гүн суулгахаар төлөвлөж байгаа аж.


“Нейралинк”-ийн чипийг хүний тархинд суулгах мэс ажилбарыг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр амжилттай гүйцэтгэсэн тухай И.Маск мэдээлсэн билээ. Чипийг тархиндаа суулгуулсан анхны өвчтөн болох 29 настай Нолан Арбо найм орчим жилийн өмнө золгүй байдлаар саажилттай болж, мөрнөөсөө доош мэдээгүй болсон тухайгаа ярьж байсан юм. Тэрбээр “нейролинк”-ийн чипийн тусламжтайгаар зөөврийн компьютерын хулганы курсорыг хөдөлгөж, шатар тоглосон тухай өмнө нь мэдээлж байв. Гэвч сарын дараа Арбогийн тархинд суулгасан утаснуудын ихэнх нь курсорыг хөдөлгөх түүний бодлыг дамжуулсан цахилгаан дохиог уншихаа больсон байна. 


“Нейралинк” компанийг И.Маск 2016 оны долоодугаар сард байгуулсан бөгөөд тус компани хүний тархинд суулгаж болох чипүүдийг бүтээж байна. Ийм мэдрэлийн интерфэйс нь хэтийн ирээдүйд хүнийг хиймэл оюун ухааныг эсэргүүцэх чадвартай киборг болгох боломжтой бөгөөд бодлын хүчээ ашиглан компьютерыг шууд удирдаж сурахад хүмүүст тусална гэж тэрбээр үзэж байгаа юм. Тус компани чипээ хүн дээр турших зөвшөөрлийг АНУ-ын Эрүүл мэндийн яамны Хүнсний бүтээгдэхүүн, эмийн чанарт хяналт тавих газраас өнгөрсөн оны тавдугаар сарын 25-нд авчээ.  


И.Маск харааны бэрхшээлтэй хүмүүс хэрэглэх боломжтой "Блайндсайд" тархины суулгацыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд танилцуулсан юм. Уг суулгац нь “Телепати”-ийн дараах “Нейралинк”-ийн шинэ бүтээгдэхүүн болох юм.  Одоо түүнийг сармагчин дээр туршиж байгаа ажээ. 





関連ニュース