Ираны гэрээтэй холбоотой зөрчилдөөн АНУ-д газар авч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-10 16:27:44

ВАШИНГТОН. /NHK/. Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээ АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын зөрчилдөөний гол бай болж байна. Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтон уг гэрээг дэмжиж байгаа бол Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Доналд Трамп гэрээг буруутгаж байна.

Ираны цөмийн хөтөлбөрт хязгаарлалт хийж, хариуд нь тус улсад авсан олон улсын хориг арга хэмжээг цуцлах гэрээг Иран болон “5+1” бүлэг долдугаар сард байгуулсан билээ.

Энэ гэрээ нь Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос сэргийлж байна гэж АНУ-ын тэргүүн хатагтай асан Клинтон өчигдөр Вашингтон хотод мэдэгдэл хийхдээ дурдсан байна. Мөн тэрбээр, хэрвээ би Ерөнхийлөгч болбол, Иран цөмийн зэвсэгтэй болох гэж оролдвол хариу цэргийн арга хэмжээ авахаас буцахгүй гэж мэдэгджээ.

Харин Бүгд найрамдах намаас нэр дэвшигч, тэрбумтан бизнес эрхлэгч Доналд Трамп Ираны цөмийн гэрээг буруушаасан байна. Тэрбээр АНУ-ын түүхэн “Capitol Hill” дүүрэгт цугласан олонд хандан үг хэлэхдээ, Ирантай байгуулсан гэрээ маш муу болсон, АНУ-ыг маш тэнэг хүмүүс удирдаж байна гэж мэдэгджээ.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх зарим нэр дэвшигч АНУ-ын Ерөнхийлөгч болбол Ирантай байгуулсан гэрээг дахин хянаж үзэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд