"Лалын улс" химийн зэвсэг хийж, ашиглаж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2015-09-11 12:19:34

ВАШИНГТОН. /ВВС/. “Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэл Ирак болон Сирид химийн зэвсэг хийж, ашиглаж байна гэж АНУ-ын албаны хүн мэдэгдлээ.

Ирак-Сирийн хилийн аль аль талд “Лалын улс”-ынхан багаар бодоход дөрвөн удаа химийн зэвсэг ашигласныг АНУ тогтоожээ.

Албаны хүний хэлснээр, босогчид нунтаг хэлбэрийн химийн бодисыг халдлага үйлдэхдээ ашигласан байна.

Энэ тухай олон нийтэд дэлгэхийг хориглосон учир албаны хүн нэрээ нууцлахыг хүсчээ.

Химийн зэвсгийг хориглох байгууллагад Сирийн Засгийн газар өнгөрсөн онд 1180 тонн химийн хорт бодисыг устгуулахаар хүлээлгэн өгсөн юм.

2011 оны эхээр эхэлсэн засгийн газраа эсэргүүцэгчдийн жагсаал иргэний дайн болж хувирснаас хойш Сирид 200 мянга гаруй хүн амь үрэгдсэн. Гэхдээ химийн зэвсэг ашигласны уршгаар тэдний хэдхэн хувь нь амиа алдсан.

Сирид химийн зэвсэг ашигласан хэрэгт босогчдын бүлэглэлүүд болоод засгийн газрын хүчнийнхний аль нь холбоотойг тогтоох мөрдөн шинжээчдийн ажлын хэсгийг НҮБ өнгөрөн сард томилсон юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд