Налайх дүүрэгт ёслолын жагсаал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-03-15 16:37:25
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Налайх дүүргийн төв талбайд үндэсний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй алба хаагчдын ёслолын жагсаал боллоо. 


Зэвсэгт хүчний анги, байгууллагын бие бүрэлдэхүүн бүрэн жагсаж, дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазарт Налайх цэргийн хотхоны ахлагч, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагч, хурандаа С.Содов илтгэл өгөн, байлдааны туг болон Налайх дүүргийн тугийг хүндэтгэн залснаар ёслол эхэлсэн юм.



Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга Ч.Раднаабазар ёслолыг нээж хэлэхдээ, “Налайх дүүргийн цэргийн хүрээний офицер, ахлагч, түрүүч, байлдагч, албан хаагчид, монгол цэрэг, зэвсэгт хүчний нэр алдрыг өргөж яваа энхийг сахиулагч, цэнхэр дуулгатнууд, улс орноо батлан хамгаалах үйлст хүчин зүтгэж явсан азай буурлууд, ахмад дайчид, иргэд та бүхэндээ “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин байгуулсны 98 жилийн ой, Халх голын ялалтын 80 жил, нийслэл Улаанбаатар хотыг үүсгэн байгуулсны 380 жилийн ойн баярын чин сэтгэлийн халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье. Мөн ард иргэдийнхээ амар амгалан, байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа уул уурхайн аврах алба, цагдаа, онцгой байдлын салбарт алба хааж байгаа нийт бие бүрэлдэхүүнд “Монгол цэргийн өдөр”-ийн дайчин, цогтой, гал халуун мэндчилгээг өргөн дэвшүүлье.  Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж яваа цэрэг, армийн албан хаагчдынхаа арын алба болох гэр бүл, үр хүүхдүүдэд халуун талархлаа илэрхийлье” гэв. 



Ёслолын жагсаалын дараа, Зэвсэгт хүчний 014, 350 дугаар ангийн офицер, ахлагч, албан хаагчид гардан тулааны үзүүлбэр толилуулсан бол, хилийн 303 дугаар ангийн алба хаагчдын үзүүлсэн нохойтой үзүүлбэр олны сонирхлыг ихээхэн татлаа гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.



Ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 014, 303, 350, нисэхийн цэргийн 337 дугаар анги, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэс,  Уул уурхайн аврах бригад, Гал унтраах, аврах 28 дугаар анги, бусад тусгай чиг үүргийн байгууллагаас оролцсон юм. 



Холбоотой мэдээ