Монголын Соёлын өдрүүд Бээжин хотноо зохион байгуулагдав

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2019-12-05 16:23:10

Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Монголын Соёлын өдрүүдийг Бээжин хотноо зохион байгууллаа.

Соёлын өдрүүдийн хүрээнд “Монголын кино өдрүүд”, “Гэрэл зургийн үзэсгэлэн”, “Алтан ерөөл” урлагийн тоглолт зэргийг зохион байгуулав.

 

Гэрэл зургийн үзэсгэлэн

Монгол орны онгон байгаль, нүүдэлчдийн ахуй соёл, үндэстний хэв маягийг харуулсан “Гэрэл зургийн үзэсгэлэн”-д Монголын гэрэл зурагчин Г.Ган-Өлзийн 40 гаруй сор бүтээлийг Хятадын ард түмэнд толилуулж байгаа юм.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар үзэсгэлэнг нээж хэлэхдээ “Г.Ган-Өлзийн энэхүү үзэсгэлэн 40 зургаас бүрдэж байгаа ч дөрвөн улирлын өнгө аяс, манай ард түмний эрт, эдүгээгийн бүхий л төрхийг давтагдашгүй содон өнцгөөс авч чадсан шилдэг бүтээлүүдийн цогц юм” гээд тус үзэсгэлэн Монгол орноо гадаадад сурталчилсан соёлын салбарын чухал ажил болохыг онцлов.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны Элчин зөвлөх Д.Булган, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн дарга Зяо зунь, нарийн бичгийн даргын орлогч Ван Жюэ Шюнь, Хятадын гэрэл зурагчдын холбооны гадаад харилцааны хэлтсийн төлөөлөгч Гуан Лэлэ нарын зэрэг хүндэт зочид уригдаж, тус улсын мэргэжлийн гэрэл зурагчид ирсэн байлаа.

Үзэсгэлэн Бээжин хот дахь Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 3-наас 13-ны өдөр Хятадын ард түмний хүртээл болно.

 

Кино өдрүүд-2019

“Монголын кино өдрүүд-2019” -ийн хүрээнд, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад бүтээгдсэн “Алсын удирдлага” (2015), “Итгэл” (2017), “ТҮЦ-ний охид” (2017), “Халуун зүрх” (2019) зэрэг киног Бээжин хотноо гаргахаар болжээ.  

“Монголын кино өдрүүд-2019”-ийн нээлтэд БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн хэлсэн үгэндээ, Монгол Улс, БНХАУ-ын хооронд “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглал”-ын хүрээнд манай хоёр улс Соёлын өдрүүдийг харилцан зохион байгуулж ирсэн уламжлалтай. Энэхүү кино өдрүүдээр олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн монгол кинонуудаар эргэн уулзаж буйдаа туйлаас баяртай байна. Кино урлагаараа дамжуулан өөрийн улс үндэстэн, ард түмний түүх, соёл, хөгжил дэвшлийг дэлхийд таниулж, кино урлагийн хөгжилд өөрсдийн өнгө төрхийг тодорхойлж чадсан арвин туршлагатай та бүхэнтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна гэсэн юм.

БНХАУ-ын Кино, архивын газрын дэргэдэх кино театрт зохион байгуулж буй Монголын кино өдрүүд “ТҮЦ-ний охид” киногоор эхлэн амжилттай зохион байгуулагдав.


“Алтан ерөөл” урлагийн тоглолт

Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд, энэ сарын 3-ны өдөр Бээжин хотын Үндэсний их театрт хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолт амжилттай боллоо.

Тоглолтод Монгол улсын Үндэсний Урлагийн их театрын бие бүрэлдэхүүн Монгол улсын сор болсон бүтээлүүдийг Хятадын ард түмэнд толилууллаа. Монгол улсын Үндэсний Урлагийн их театрын ерөнхий удирдаач Н.Буянбаатар, Улсын Филармонийн гоцлол дуучин, МУГЖ Э.Анхбаяр, СТА Д.Отгонжаргал, СТА уртын дууч Ц.Түмэнжаргал, ӨМӨЗО-ны нэрт дуучин Хүслэн, Орчлон зэрэг уран бүтээлчид тус тоглолтод оролцлоо.

Үндэсний Урлагийн их театрын уран бүтээлчид “Цацлын есөн хээ”, “Уяхан замбуу тивийн наран”, “Талын домог”, “Жалам хар”, “Мандухай сэцэн хатан”, “Сэрсэн тал” зэрэг уран бүтээлүүдийг толилуулсан юм.

Мөн морин хуур, лимбэ, үндэсний бүжиг, хөөмий зэрэг язгуур урлагийн үзүүлбэрүүд тоглолтын хөтөлбөрт багтсан байв.


 

Холбоотой мэдээ