Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын баг байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн гишүүн, Худалдааны сайд А.А.Слепневтой энэ сарын 24-нд уулзав.
Уулзалтын үеэр ноён А.А.Слепнев Монгол Улс, Евразийн эдийн засгийн Холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын багийг ойрын хугацаанд байгуулах саналаа хэллээ. Хамтарсан ажлын багийн дүгнэлтийг энэ оны есдүгээр сард болох Евразийн эдийн засгийн комиссын Дээд зөвлөлийн хуралдаанд танилцуулж, албан ёсны хэлэлцээ эхлүүлэх зөвшөөрөл авахаар төлөвлөж байгаагаа дурдав.
Элчин сайд Д.Даваа Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комиссын 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгасан Чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулахаар бодит алхам хийж байгаад сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн байна.
Хоёр тал Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах ажлын багийн шинжээчдийн мэдээллийг ойрын хугацаанд солилцохоор тогтсон юм.