Израиль улс палестинчуудтай шууд хэлэлцээгээ сэргээхэд бэлэн

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-04-29 16:19:00

ТЕЛЬ-АВИВ./TASS/.Израиль улс палестинчуудтай хоёр талын шууд яриа хэлцээгээ сэргээхэд бэлэн байна гэж тус улсын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд дурджээ.

“Израиль улс ямар нэг урьдчилсан болзол тавилгүйгээр хэлэлцээний үйл явцыг нэн даруй эхлүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. Энэ мэдэгдэл нь “Францын гаргасан санаачилгын хариуд хийсэн алхам болохыг” Нетаньяхугийн тамгын газар тодруулан тайлбарлажээ.

Палестин-Израилийн мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах асуудлаарх  олон улсын уулзалтыг сайд нарын түвшинд тавдугаар сарын 30-нд явуулахаар төлөвлөж байна гэж Францын Гадаад хэргийн сайд Жан-Марк Эйро долоо хоногийн өмнө мэдэгдсэн байна. Уг уулзалтад дэлхийн 30 орчим орны төлөөлөгчид оролцох төлөвтэй байгаа боловч израиль, палестинчууд өөрсдөө оролцохгүй аж.

“Израиль, Палестины сөргөлдөөнийг зогсоох цорын ганц арга зам бол хоёр тал шууд хэлэлцээ хийх явдал мөн” гэж Нетаньяхугийн тамгын газар дээрх санаачилгын хариуд мэдэгджээ. Улс төрийн өөр төрлийн аливаа санаачилга нь шууд хэлэлцээний явцаас палестинчуудыг холдуулна” гэж мэдэгдэлд дурджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ