Хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжлийн сургалтын орчин сайжирчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-04-07 10:28:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэн зарим мэргэжлийн сургалт, дадлагын орчин нөхцөлийг сайжруулж байна.

ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын сургалтын орчинг сайжруулах, дадлагын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах, үндэсний хэмжээний чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах, багш, удирдах ажилтнуудын мэргэшлийг дээшлүүлэх чиглэлээр 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл үе шаттай хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь урьд өмнөх төслүүдээс ХАА-н салбарын мэргэжлүүдийг онцгойлон сонгож хөрөнгө оруулалт хийж байгаагаараа онцлог юм байна.

Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал Н.Пүрэвсайханаас энэ талаар тодруулахад:

-Энэхүү төсөлд манай сургууль 2016 онд хамрагдах хүсэлтээ өгч, сургалтын чанар сайжруулах төлөвлөгөө боловсруулж ажиллах, төслийн багийн үнэлгээний ажлын хэсгийн удаа дараагийн шалгалт, шалгуурыг хангаж хүнсний ногооны фермер, хүлэмжийн аж ахуйн фермер, малын асаргаа зэрэг мэргэжлийг амжилттай хамруулсан. Энэ мэргэжлүүдийн дагуу 2020 онд манай сургуульд 400.0 гаруй сая төгрөгийн дадлагын техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, 500.0 гаруй сая төгрөгийн дадлагын байрны засвар, өвлийн хүлэмж, малын бага эмчийн иж бүрэн лаборатори байгуулах юм гэлээ.

Хүнсний ногооны фермер мэргэжлийн дадлагын техник, тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлыг гүйцэтгэгч “Интер сайнс” ХХК-аас 50, 100 морины хүчтэй трактор, төмс, хүнсний ногооны үрлэгч, хураагч, усалгааны тоног төхөөрөмж, ургамал хамгааллын хор шүршигч, хадлангийн иж бүрэн тоног төхөөрөмж зэргийг тус сургуульд хүлээн өгөөд байна.

Тус аймгийн хувьд хөдөө аж ахуйн салбарт “Хүнсний ногоо”, “Булган жимс, жимсгэнэ”, “Шинэ хөдөө Булган”, “Булган аймгийн МАА-н талаар баримтлах бодлого” зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд манай сургууль нь энэхүү хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэд болон хамрагдах хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, хамтарч ажиллах болно гэж Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал ярилаа.

Холбоотой мэдээ