Б.Цэцэнцолмон: Ардчиллаар үндэсний ухамсар, оюун санаа сэргэх суурийг өвөө маань уран бүтээлээрээ бэлдэж өгсөн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. ХХ зууны манлай дуугаар өргөмжилсөн “Халуун элгэн нутаг” дуунаас гадна “Зандан шоо”, “Гайхмаараа”, “Жаргаах зүрхэн”, “Орь залуу нас”, “Учралын хорвоо” зэрэг монгол түмний дунд түгэн дуулагдаж ирсэн олон арван дууны шүлгийн зохиогч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлаач Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Тэрбээр зохиолч, яруу найрагч, ардын билиг зүйч, хэл шинжлэлч, орчуулагч, урлаг судлаач гээд олон салбарт эрдэм мэдлэг түгээхдээ хойч үедээ оюуны үнэт өв үлдээн, өв уламжлалаа хайрлах, өвлүүлэх үндэсний нэгдмэл үнэт зүйл, үзэл санааг бэхжүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсэн, ХХ зууны сэхээтэн, соён гэгээрүүлэгч байсан юм. Түүний бага хүү Баатарнарангийн Цэцэнцолмон өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж урлаг судлаач болжээ. Өвөөгийнх нь талаар түүнтэй ярилцлаа.
-Таны хувьд өвөө тань ямар хүн байв, монголчуудын зүрх
сэтгэлд хоногшсон сод бүтээлүүдийн эзэн бус, халуун ам бүл дотроо ямар зан
чанар, нөмөр нөөлөгтэй хүн байв?
-Өвөөгөө 1993 онд бурхан болох хүртэл хамт амьдарч байлаа. Өвөө минь бүх л цаг зав, эрч хүчээ уран бүтээл, ном эрдэм, судалгаандаа зарцуулсан хүн байж дээ гэж боддог. Үр, ач нартаа үргэлж зааж сургаад байхгүй ч биеэрээ үлгэрлэдэг хүн байжээ. Монгол хэл шинжлэл, найруулга зүйгээр мэргэшсэн учир бидний үг, хэл яриаг байнга засаж залруулна. “Аягүй гоё” гээд хэлбэл аягүй, таагүй зүйл гоё байхгүй шүү дээ, “аятай сайхан” гэж хэлэх ёстой гэх мэт.
Бас
их алиа хошин, марзан зантай, егөөдөж
хошигнож ярина. Маш үнэнч шударга зантай, худал ярьж чаддаггүй. Гэрийн утас дуугараад өвөө авч таарахад ах
нар заримдаа “Намайг байхгүй гээрэй” гэнэ л дээ. Тэр үед “байхгүй” гэж хэлэнгүүтээ
утсаа тавиад л “Ээ бурхан
минь, хүнээр ийм муухай юм
хийлгэх гэж” гээд их л санаа нь зовсон байдалтай, алгаа хавсраад залбирч байдаг сан. Балчир жаахан хүүхдэд ч их хүндэтгэлтэй ханддаг хүн байлаа.
-Тэр үед өвөөгийн тань гэрт ямар ном, ямар ахуй, ямар уур амьсгалтай байдаг байв?
-Одоо ч өвөөгийн маань гэр байсан хэвээрээ, эмээ маань тэндээ суудаг. Өвөөгийн өвөө нь Жалханз хутагт Дамдинбазарын төрсөн ах нь. Хутагтын үр хойч гэдгээрээ гал голомтыг нь төлөөлж гэрийн унины хэсэг, багадаа барьдаг байсан гэх модон өвгөн, эрих нь байдаг. Түүнчлэн ном судар, бурхан тахил гэхчлэн соёлын үнэт дурсгал, цуглуулга бага сага бий.
-Түүний бичгийн хэв тэмдэглэлийг харахад танд юу бодогддог вэ?
-Өвөө маань нэг зүйлийг гар бичмэлээс гадна бичгийн машинаар 2-3 хувь бичиж, хадгалдаг байсан юм билээ. Гэрт нь маш их цаас, архив байдаг. Тэр үед тоглож байсан үзвэр, концертын урилга, танилцуулга, тасалбар ч их бий. Бүгдийг нь хадгалсан байна билээ. Тасалбарын цуглуулгаар нь альбом хийж тэр цаг үеийн өнгө, загвар дизайныг харуулвал бас их сонирхолтой санагддаг. Цаасан дээр хэвлэчихсэн зурагтай “Аав таныг гэрт ирж цай уу гэнэ” гээд бичсэн, бас элдэв байгууллага, үйлдвэр зэргээс ардын урлагийн сэдвээр лекц уншиж өгнө үү гэсэн урилга гэх мэт зүйл их бий.
-Танай гэр бүлд үлдээсэн өвөөгийн тань хамгийн том “өв” юу вэ, сонирхож болох уу?
-Бидний үзэл санаа гэж хэлэх юм уу даа. Өвөө маань улс орныхоо төлөө зүтгэх, санасан зорьсондоо чин сэтгэлээсээ хандахыг эрхэмлэдэг хүн байсан.
Тиймээс "хувийн ашиг хонжоо, алдар нэр олохын төлөө бус эрдэм мэдлэгт шимтэх, бусдын сайн сайхны төлөөх үйлд сэтгэлээ зориулах" гэсэн үзэл санааг шингээж авсан нь миний хувьд өвөөгөөсөө өвлөсөн "үнэт өв" хэмээн санагдаж байна.
-Харин таны ертөнцийг харах үзэл санаанд өвөө тань ил болон далд
хэлбэрээр хэрхэн нөлөөлсөн байдаг бол?
-Бидний эх
хэлээрээ яаж зөв ярихыг алхам бүрд л залруулж засахаас гадна монгол
бичгээ сайн сурах ёстой гэдэг
байсан. 1990-ээд оны эхээр зурагтаар “Уран сайхны кино” гэсэн бичиг монгол бичгээр гардаг байлаа. Монгол бичиг сайн мэдэхгүй ч таагаад уншчихаар машид баярлаад, "Чи уншчихаж
байгаа юм уу, ямар сайн юм бэ" гээд учиргүй магтаж байж
билээ. Гэхдээ би хожим Чой.Лувсанжав багшийн сургуульд монгол бичиг сурч
мэргэшсэн л дээ. Өөрийнхөө ажил хэргийг үргэлжлүүлэхээр намайг
хөгжим судлаач болгох гэж Хөгжим бүжгийн сургуульд оруулсан. Судлаач хүн
хөгжмөө сайн мэдэж эзэмшсэн байх
ёстой гэж бодсон хэрэг. Тэгэхээр судлаач болох зам мөрийг маань зассан гэж хэлж болно л доо.
Өвөө гэртээ баян хуур хөгжимтэй, түүнийгээ үе үе дарж
суудаг сан. Бодвол дууны шүлэг, аяа тааруулдаг байсан болов уу. Нот хараад тоглоно. Би төгөлдөр хуурын ангид
дөнгөж орсон жилээ хөгжим байхгүй өвөөгийн баян хуурыг хэвтүүлж тавиад хичээлээ
давтдаг байлаа. Орой аав, ээж ажлаасаа ирээд нэг нь түшээд, нөгөө нь татаж түлхээд
дуугаргаж, би даралтыг дарж, хөгжмөө давтдаг байсан их хөгжилтэй сайхан дурсамж
байдаг.
Бас миний сургуульд орсон жил өвөө намайг нэг удаа “Маамуу нааш ир” дууг концертод дуулах уу гэж асуухад нь, “тийм жаахан хүүхдийн дуу дуулахгүй” гэж хэлээд “нэг дууг бүрэн зөв дуулж сураагүй байж голох буруу” хэмээн зэмлүүлж байсан нь сургамж болон үлджээ.
Бидний авгайлдгаар “Лууваа” буюу Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав гуайн уран бүтээлийн үдэшлэг дээр дуулуулах санаатай асуусан байж л дээ. Ташрамд дурдахад, энэ жил Д.Лувсаншарав гуайн мэндэлсний 100 жил бас тохиож байгаа шүү дээ.

-Таны хувьд Ж.Бадраа гуайн бүтээлүүдээс өдгөө үнэ цэн нь улам илүү тодорч байгаа нь аль
бүтээл вэ. Мөн ч их олон чиглэлээр ажилласан хүн байна шүү дээ?
-Тийм ээ, хөгжим, урлаг судлал, монгол хэл шинжлэл гээд маш олон салбарт ажилласан. Нийгмийн шилжилтээс хойш буюу 1990 оноос үндэсний ухамсар сэргэж, хүмүүс үндэсний уламжлалт соёлын чухлыг ойлгож, Монгол Улсын үнэт зүйл, өв гэж үзэн ЮНЕСКО-гийн биет бус өвийн жагсаалтад бүртгүүлэх гэх үйл хэрэг өрнөсөн. Өвөө маань энэ сэргэлтийн гол суурийг 1980 оноос эхлэн тавьж, уламжлалт соёл урлагт хүмүүсийн анхаарлыг хандуулах, ардын болон язгуур урлагт чиглүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн гэж боддог. Ардчилал гараад үндэсний ухамсар, оюун санаа сэргэхэд хөрсийг нь бэлдээд өгсөн уртын дуу, хөөмий чухал гэдгийг мэдэж, мартагдаж байсан төрөл зүйлийг мөн хуучин өвүүдийг сэргээж, хүмүүст таниулахад маш олон зүйл хийсэн байдаг.
-"Зохиолч өөрийн дотоод ертөнц, "чемодандаа" нуусан чин сэтгэлээ зохиолдоо шингээхэд тэр нь цаг хугацаанаас үл хамааран амьдардаг" гэж Нобелын шагналт зохиолч Орхан Памук хэлсэн нь бий. Ж.Бадраа гуай 400 гаруй дуутай, дууны яруу найргаар хамгийн амжилттай ажилласан. Түүний дуу хүмүүст хүрэх, хүмүүсийг татах хүч юундаа байдаг гэж та үздэг вэ?
-Тухайн цаг үед нийтийн дууны төрөл идэвхтэй хөгжиж, хөгжмийн зохиол, яруу найрагч бүр дуу зохиож байсан гэж болно. Өвөөгийн дууны шүлгийн ялгарах онцлог нь дорно дахины утга зохиолын онолын суурь дээр монгол уламжлалт аман болон бичгийн зохиолын онцлогийг хослуулж, уламжлал шинэчлэлийг холбон, өөрөө шинэ утга бүтээж гаргадаг.
Ингэж утгын хувьд гүн, илэрхийллийн хувьд уран гоё байдлаар бүтээлээ хийсэн нь хүмүүсийн сэтгэлд хүрсэн байх. Үзэл санааны хувьд тухайн үедээ хит болоод өнгөрсөн гэхээс илүү орчин үеийн хүмүүст тэр үзэл санааг эргээд дахин танилцуулах нь чухал гэж үзэж байгаа.
Мэндэлснийх нь 100 жилийн ойг тэмдэглэж байгаагийн зорилго нь ч тэр юм. Зөвхөн өвөөгөө санан дурсах, түүний нэрийг алдаршуулах нь гол биш хүмүүст эх орон нь элэг зүрхнээс нь уяатай, сэтгэл зүрхийг нь ариулж, үндэсний эв нэгдэл оюун санааг нэгтгээсэй гэсэн зорилготой.
Манай оюутнууд сүүлийн үед сонирхолтой дүгнэлт хийсэн байсан. Хүмүүс орчин үед хуучных шиг чин сэтгэлээсээ удаан хугацаанд хайрлаж дурлахаа больж, богино хугацаанд хайрлаж дурлаад уйдчихдаг, энэ хэрээр дуу шүлэг нь ч адилхан болж байгаа гэж. Тэр үед чин сэтгэлээсээ хайрлаж дурласнаа “чандмань эрдэнийн шинжтэй”, “ганцхан туулах насных” гэж үзэн тийн дуулдаг байжээ. Тэр үзэл санааг орчин үеийн хүмүүст бас дамжуулан харуулахыг зорьж байгаа.

Түүнчлэн энгийн, дагаж дуулахад хялбар үгтэй шүлэг нь хүмүүсийн дунд ардын дуу мэт тардаг байсан байх.
Монгол Улсын Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа гуай нэгэнтээ дурсахдаа, “Халуун элгэн нутаг” их энгийн үг, аятай, хүн бүхэн шууд цээжлээд дуулчихдаг дуу. Ж.Бадраа энэ шүлгээ биччихээд “Миний энэ дуу их хол явна аа, та нар харж байгаарай” гэж хэлж байсан. Тэр үед мэргэжлийн зарим хүн энэ үг, ая нь ч хөнгөхөн, нэг их хол явахгүй гэж байсан байгаа юм.
-Үнэхээр, "Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай
Эрдэнийн алтан өлгий минь ..." гээд энгийн атлаа монгол хүний сэтгэл рүү шууд хандаж эхэлдэг энэ дууг амжилт гаргасан, аливаа бахархалт үйл явдал бүр дээрээ ёс юм шиг монголчууд дуулцгаадаг. Энэ дууны "Мөнх сарьдаг нь мишээдэг" гэдэг үг нь ч маш гүн утга, баяр бахдлыг агуулж байдаг шиг санагддаг. Ер нь, дорнын онол,
монгол ардын аман зохиолыг хослуулан өөрийнх нь гаргаж ирсэн "шинэчлэл"-ийн талаар хуваалцана уу?
-Монгол хэлний
арвин мэдлэгтэй хүн байсан болохоор хуучин үгийг сэргээж хэрэглээнд
нэвтрүүлдэг байсан. Мөн хөгжмийн
нэр томьёоны толь бичгийг эрхлэн гаргасан. Энэ толь бичигтээ өнөө цагт бидний хэрэглэж буй “төгөлдөр хуур”, “хийл”, “дуурь” зэрэг хөгжмийн олон нэр томьёог оноон орчуулсан. Хоцрогдсон
үг хэллэг хэрэглэлээ гээд шүүмжлүүлж, ажлаас хүртэл халагдаж байсан тохиолдол ч байдаг.
-Ардын урлагийг "язгуур урлаг" гэж нэрлэсэн нь хүртэл өнөөдөр
нэршин тогтжээ. Тухайн үед язгуур урлагийн судлалаа хийхэд нийгмийн бэрхшээлтэй
тулгарч байсан уу, түүнийг хэрхэн давж байсан бол? Ер нь ардын ямар урлагийг хамгийн ихээр хайрлан хадгалахыг хүсдэг байсан бол?
-Бид одоо л үндэсний үзэлтэн гэж нэр хоч зүүж хавчиж байсан тухай яриад байгаа. Тухайн үед 2-3 жил болоод ажлаас халагдаж, ажилгүй байсан, олон байгууллага дамжиж ажилласан нь намтраас нь харагддаг л даа. Гэхдээ ажилгүй байх зай чөлөөндөө дуурь, кино орчуулж байсан байдаг. Нэг талаар энэ нь олон уран бүтээл хийх чөлөө олгож дээ гэж бодогддог. Өөрөө ч гэсэн Энэтхэгээс татагдаж ирсэн, Ховдод нутаг заагдсанаа зарим нэг хүний үйлдлээс болсноос биш, нийгмийн дарамт шахалтаас болсон, хэлмэгдсэн гэж ярьж байгаагүй гэдэг. Харин ч тэдгээр он жил, мөчүүд нь өнөөдрийн бидэнд уламжилж ирсэн гайхалтай уран бүтээлийг үлдээх хувь тохиол байсан мэт санагддаг.

-Таны ярьснаас
харвал их эерэг хүн байж дээ,
тийм ээ?
-Санаж бодсоноо шууд хэлчихдэг маш цогтой, дайчин, тэмцэгч хүн байжээ. Ховд аймаг руу нутаг зааж, тушаал гаргаад явуулахдаа намын үзэл суртлын дарга нь “Чи харин сайн ажиллаарай” гэхэд хариуд нь “Би муу ажиллаж чаддаггүй хүн” гэж хэлж байсан гэдэг.
-Тэгвэл хөгжим, урлагийн чиглэлд ямар нөлөө үзүүлж, онол сэтгэлгээний ямар шинэчлэл авчирсан гэж та боддог вэ?
-Судалгааных нь үндсэн сонирхол чиглэл нь уламжлалт хөгжмийн соёл, ардын билиг зүй байсан. Ардын билиг зүй гэдгийг зөвхөн аман зохиолоор хязгаарлан ойлгож байсныг тэлэх, хөөмий, уртын дууг “уламжлалт мэргэжлийн сонгодог хөгжим”-ийн төрөлд хамруулах, “язгуур урлаг” гэх төрлийг нэвтрүүлэх зэрэг санал дэвшүүлж байсан. Түүнчлэн европ төвт үзэл хандлагаас ангижрих, уламжлалт хөгжмийн бүтээлийг түүхэн хөгжил, хэлбэр, үүрэг зохион байгуулалтаар нь дүн шинжилгээ хийж системчлэн ангилах оролдлого хийснээрээ тухайн цаг үедээ ахиц авчирсан гэж болно. Харин орчин үеийн онол хандлага арай өөр, эргээд тэдгээрийг задлан хэлэлцэх олон сэжүүр бий гэж бодож байна.
-Ж.Бадраа гуай амьдралын ямар дадал хэвшил, философитой байсан бол?
-Өөрийн ном дүрэм, дэгтэй хүн байсан. Цаг наргүй, өдөр шөнөгүй суудаггүй, амьдралын зөв дэглэмтэй. Өглөө босоод дасгал хийгээд, маань уншдаг. Цайгаа уугаад үдээс өмнө ажиллаад, өдрийн хоолоо иддэг гэх мэт хувийн зохион байгуулалт сайтай. Дээр дурдсан захидлуудаас би өвөөгөө юу бодож, зорьж санаж явсныг шинээр нээж харж байгаа. Нэг зүйлийг бодож сэдвэл түүнийхээ араас хөөцөлдөж уйгагүй бичдэг байсан байна.
Зөвлөлтийн болон Английн хөгжим судлаачтай хамтарсан баг байгуулж, угсаатны хөгжим судлалын хээрийн шинжилгээ зохион байгуулах гэж зорьсон захидал нь байдаг. Ингэхдээ, байгууллагын дээд удирдлага дэмжихгүй удааширч байна, олон улсын байгууллагад хандъя, ЮНЕСКО-д захиа бичсэн гэх мэт нэг сэдсэн зүйлээрээ бүр "өвчилж", үр дүнг нь үзэх гэж зогсолтгүй зүтгэдэг байх жишээний.
-Дижитал эрин үед монголын соёлын онцлогийг дэлхийд
таниулахад судлаачдын үүрэг хэр өөрчлөгдсөн гэж та үздэг вэ?
-Тухайн үед
одоогийнхтой харьцуулахад харилцаа холбоо тааруу байжээ. Өвөө маань захидлаар маш
олон хүнтэй харилцдаг байсан. Тэдгээрээс нь эмхэтгэн хэвлүүлэхээр бэлдэж
байгаа. Захидал бүр дээр тэмдэглэл
хийсэн байна лээ. Тухайлбал, таны 9 дүгээр сард бичсэн захидлыг 2 сарын дараа буюу 11 дүгээр сард хүлээн авлаа гэх мэт. Харилцаа
холбоо удаан тэр цагт гэхэд олон газар, хүнд хүрч ажиллаж чадсан байгаа юм.
Гадаад хүмүүстэй харилцахдаа тийм сэдвээр бичсэн тэр судлаачийн ийм номыг,
эсвэл гэрэл зургийг дараад явуулаач, тэр оронд ийм хурал болох юм байна, явмаар
байна гэх мэт бичсэн байдаг. Өөрийнх нь судалгааны дэлхий нийтийн чиг хандлага ямар
байгааг их соргог хардаг байж л дээ. Ихэнх нь ном асуусан захидал байдаг. Ийм шинэ ном
гарчээ, авч явуулж чадах уу гэхчлэн харилцан мэдээлэл солилцож байсан байдаг. Харин
орчин цагт судлаачдад илүү хурдтай ажиллах боломж их байна.

-Түүний үлдээсэн өвийг дараагийн үе хэрхэн хөгжүүлж явах ёстой гэж бодож байна вэ?
-Өвөөгийн мэндэлсний 100 жилийн ойн хурал болж, шинэ судлаачид баримтат кино, дэлгэцийн бүтээл, кино зохиол, хэл найруулга, яруу найраг, орчуулга гэх мэт чиглэл бүрээр судалж байна. Би соёлын чиглэлээр судалгаа хийдэг учир тэр үеийн үзэл санаа болон өөрийнх нь хэлж ярьж байсныг давтах гэхээс илүү орчин үеийн онол сэтгэлгээний үүднээс хийж бүтээсэн нь ямар үр нөлөөтэй байсныг үнэлэн дүгнэх нь чухал болов уу. 100 жил гээд дурсан санаад, магтан дуулахаас илүү орчин үеийн онол сэтгэлгээний үүднээс шинжилж, ямар шинэчлэл авчирсан, ямар үр нөлөөтэй байсныг бодитоор үнэлэх нь илүү ач холбогдолтой юм.
-Түүний тухай хүмүүсийн тэр бүр мэддэггүй хамгийн сонирхолтой баримт юу вэ?
-Олон чиглэлд
ажилласан болохоор нэг талаас нь харвал хүч тарамдсан гэх юм уу. Кино үйлдвэрт 1950 оны үед орчуулагчаар ажиллаж байхад тус үйлдвэрээс ШУА руу Ж.Бадраа орос, монгол хэлний үйл үгийн
харьцуулсан судалгааны сэдвээр докторантурт
сурах хүсэлт явуулсан байгаа
юм. Цаг үеийн нөхцөл байдлаас болж,
ажил төрөл нь өөрчлөгдөөд тэр нь бүтээгүй. Эрдэмтэн судлаач гээд байгаа ч өвөө маань эрдмийн зэрэг цолгүй. “Монгол ардын хөгжим” ном бичиж байсан ч
язгуур урлагийн наадам, ардын дуу хуур гээд 18 аймгаар явж, телевизийн нэвтрүүлэг,
“Ингэн эгшиг”, “Хөөмий”, “Уртын дуу” баримтат кино хийгээд ном бичих ажил нь
удааширч, 3 бүлгийг нь л бичиж амжсан.
Өнгөрснөөс нь хойш үр хүүхдүүд нь сүүлийн хоёр бүлгийг нь нэгтгэн эмхэтгээд номыг
нь хэвлүүлсэн. Олон чиглэлээр, өргөн цар хүрээтэй ажиллаж байсан тул нэг зүйлдээ
тогтож суух цаг хугацаа хумигдмал байсан нь ажиглагддаг.
Мөн манай улс 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосны дараахан АНУ-ын Азийн сангийн дэмжлэгээр ардын хөгжмийн хамтлаг тус улсын 11 хотоор лекц, концерт зохион байгуулж, монголын уламжлалт соёлыг таниулан, радио нэвтрүүлгээр ярилцлага өгч сонин сэтгүүлд гарсан. Тайваньд монгол уламжлалт урлагаа сурталчлаад өөрөө уртын дуу дуулж радиод нь бичүүлсэн байдаг.

Америк явсан
аялал нь их удаан байсан санагддаг. Би жаахан байсан болохоор өвөө аймаар газар
луу явсан, амьд эргэж ирэх нь тодорхойгүй юм шиг санагдаад уйлдаг байж билээ.
Манайд Данийн шог зураач Херлуф Бидструпийн цомог байдаг байсан. Тэнд Америкийн
хөрөнгөтнүүдийг харгис, хэрцгий гэж дүрсэлснээс л тэгж бодоод хямарсан байх даа.
Түүнчлэн 1990-ээд оны эхээр уламжлалт хөгжим судлах сурталчлах зорилгоор “Хуур магнай” өм төв ТББ байгуулаад, ахмад уран бүтээлчдээс бүрдсэн “Эртний сайхан”, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Түмэн эх” чуулга байгуулсан. Ингээд бодоход өвөө маань яруу найрагч, орчуулагч, судлаачаас гадна тухайн үеийн нийгмийн шилжилтийг маш сайн мэдэрсэн мундаг зохион байгуулагч байж гэж эрхгүй санагддаг.