Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд нар утсаар ярив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-05-06 20:17:42
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй өнөөдөр утсаар ярив.


Сайд нар хоёр улс дахь “COVID-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлжээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ оны 2 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хоёр улсын удирдагчдын хийсэн яриа хэлэлцээ болон ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд цар тахалтай тэмцэх явцад харилцан тусламж үзүүлж буй нь хоёр ард түмний найрсаг харилцаа, харилцан ойлголцлыг улам гүнзгийрүүлснийг талууд онцлон тэмдэглэсэн байна.


​Д.Цогтбаатар сайд ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд урьдын адил өндөр ач холбогдол өгөхийн  зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээхэд  илүү анхаарал хандуулж, алдагдсан цаг хугацааг нөхөх зарчмаар зохицуулалтын арга хэмжээг авч хоёр улсын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн төлөө идэвхтэй хамтран ажиллах санал дэвшүүлэв. 


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И  уг саналыг дэмжиж буйгаа илэрхийлж, хамтран хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээг ойрын хугацаанд дахин зохион байгуулах цахим механизмын хурлын үеэр нарийвчлан ярилцахыг санал болгосон байна.

Холбоотой мэдээ