Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай тогтоолыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-28 22:22:51
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.


Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан, төслийн хавсралтын 1.5-д “Банкны зээлийн бүтээгдэхүүнийг боловсронгуй болгож иргэдийн шууд орлогоор барьцаалсан бүтээгдэхүүнд өөрчлөлт оруулах” гэсэн 6 дахь дэд заалт нэмэх, 2.4-т “Мөнгө хүүлэлтийг хязгаарлах зорилгоор зээлийн хүүгийн хязгаарыг тогтоох” гэсэн 4 дэх дэд заалт мөн нэмэх, хавсралтын 2.1 дэх заалтын “Банкны зээлийн хоёрдогч захыг активын удирдлагын үйл ажиллагааны үндсэн дээр хөгжүүлэх зорилгоор Активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх” гэсэн 3 дахь дэд заалтыг хасах зэрэг зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэг бүрчлэн тусгасан байна.


УИХ-ын даргаас тогтоолын төслийн 2 дахь заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Цар тахлын улмаас эдийн засагт үүссэн уналтын мөчлөг хир удаан үргэлжлэх нь тодорхойгүй, эдийн засгийн өсөлт, бууралтын хувийг бүрэн таамаглах боломжгүй энэ үед зээлийн хүүг жил тутамд 1 хувь бууруулахаар тэгшитгэн тогтоох нь зохимжгүй тул төслийн заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзсэн байна.


Тогтоолын төсөлд анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган, тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг төсөлд бүрэн тусгасан болохыг Х.Булгантуяа гишүүн танилцуулав.


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Мөнхбат нар асуулт асууж, Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хариулт өгсөн. Дараа нь санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 58 гишүүний 32 нь буюу  55.2 хувийн саналаар дэмжснээр “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” тогтоолыг батлав.

Холбоотой мэдээ