Өнгөрсөн сард 939 иргэн ажилд зуучлуулан оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8
дугаар сард 4.9 мянган ажилгүй иргэн
шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 939 иргэн ажилд зуучлуулан орж,
3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайгаагүй
шалтгаанаар бүртгэлээс
хасагджээ.
Үүнээс Улаанбаатар хотод 8 дугаар сард нийт 2.0 мянган иргэн нийслэл, дүүргийн
хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 362 иргэн ажилд зуучлуулан орсныг Үндэсний статистикийн хорооноос хийсэн
хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй
иргэд 0.8 (13.3%) мянга, ажил идэвхтэй
хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.5 (29.2%) мянган хүнээр
буурчээ. Хөдөлмөр эрхлэлтийн
байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 8 дугаар сарын эцэст 28.0 мянга, үүнээс 18.3 (65.4%) мянга нь
бүртгэлтэй ажилгүй, 9.7
(34.6%) мянга нь ажилтай боловч өөр
ажил хайж буй иргэд байна.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.0 (14.2%)
мянган хүнээр буурч, өмнөх сараас 243
(1.3%) хүнээр өсчээ.
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.7 (52.8%) мянга нь эмэгтэйчүүд. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн
313 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 150 (47.9%) нь эмэгтэйчүүд байв.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 8 дугаар сард 4.9
мянган хүн шинээр бүртгүүлсний 2.8
(57.8%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх
сараас 96 (3.5%) хүнээр өсжээ. Бүртгүүлсэн ажилгүй хоёр хүн
тутмын нэг нь бүрэн дунд, дөрвөн хүн тутмын нэг нь диплом болон бакалаврын дээд боловсролтой байна. Улсын
хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 55.9 хувийг 15-34 насны залуус эзэлж, энэ үзүүлэлт Төв, Хөвсгөл, Дундговь, Сүхбаатар, Завхан,
Хэнтий аймаг, Улаанбаатар хот, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул аймагт улсын
дунджаас 0.5-8.9 пунктээр доогуур байна.