Үр ашиггүй хэрэглэсэн эрчим хүчний 10 хувийг хэмнэхэд жилд 42.9 тэрбум төгрөг хэмнэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-05 17:40:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дулаан, эрчим хүчний хэмнэлтийн талаар ярихад “Бид хэмнэвэл та нар юу өгөх юм”, “Хэмнэсэн мөнгө нь надад үлдэх ёстой” гэх хандлагатай байдаг. Иймд байгалийн хязгаартай нөөцийг урт хугацаанд хэрэглэх, эрчим хүчийг хэмнэхэд эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэйг Эрчим Хүчний Зохицуулах Хорооны эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал энэ сарын 2-3-нд “Блю скай” зочид буудалд болсон “Ногоон технологи-2020” өдөрлөгийн үеэр онцолсон.


Түүнээс салбарын зарим асуудлыг тодрууллаа.

-Монголын эрчим хүчний үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

Монгол Улсад есөн Дулааны цахилгаан станц ажиллаж, нийт хэрэглээний 80 орчим хувийг үйлдвэрлэдэг. Бусдыг нь гаднаас өндөр үнээр худалдан авч байна. Жилээс жилд эрчим хүчний хэрэгцээ өсөн нэмэгдсээр. Энэ хэрэгцээгээ дотооддоо үйлдвэрлэхийн тулд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг шат дараатай хийж байна. Дэлхийн улс орнууд сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд илүү ач холбогдол өгч байгаа. Манай орны хувьд сүүлийн дөрвөн жилд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж байгаа. Нийт үйлдвэрлэлийн 7 хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг. Үйлдвэрлэлийг нэмэх чухал ч эрчим хүчээ хэмнэх нь дутуугүй ач холбогдолтой.


-Эрчим хүч хэмнэхэд ямар алхам хийж байгаа болон тулгамдсан бэрхшээлийн талаар?

-Эрчим хүчний хэмнэлт бий болгохын тулд салбарын аж ахуйн нэгжүүдэд аудит хийж байгаа. 2018-2022 онд эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр баталсан нь барилга, аж үйлдвэр, тээвэр гээд олон салбарт хамааралтай. Хэмнэлт нь нөгөө талдаа шинэ эх үүсвэр бий болгодог. Эрчим хүчний үр ашигтай тоног төхөөрөмж нэвтрүүлэхийг дэмжиж MNS болгоход анхаарч байгаа. Одоогоор 229 аж ахуйн нэгж байгууллага эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг манлайлж байна.

Эрчим хүч ашигладаг 700 мянган гэрээт хэрэглэгч нийт хэрэглээний 55 хувийг эзэлдэг. Уул уурхай, хөнгөн үйлдвэр, сургууль цэцэрлэгээс гэхчлэн төрийн байгууллагууд эрчим хүчийг хэмнэх бүрэн боломжтой. Хэрэв аж ахуйн нэгжүүд үр ашиггүй хэрэглэж буй эрчим хүчнийхээ 10 хувийг хэмнэж чадвал жилд 42.9 тэрбум төгрөг хэмнэх боломжтой тооцоо бий. Эрчим хүчний хэмнэлттэй бараа бүтээгдэхүүнийг шошгожуулах, эрчим хүчээ хэмнэж байгаа аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах ажил удаашралтай, явцгүй байгаа. Хэмнэх хэрэглээний талаар яриа хийхэд аж ахуйн нэгжүүд “Бид хэрэв эрчим хүчээ хэмнэвэл та нар юу өгөх юм, яаж урамшуулах юм”, “Бид хэмнэсэн юм чинь мөнгө нь бидэнд үлдэх ёстой биз дээ” гэсэн хандлагатай байдаг. Иймд бид ногоон технологи ярих болсон энэ цаг үед эхлээд сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна.


-Ковид-19 цар тахал эрчим хүчний салбарт хэрхэн нөлөөлөв?

Хил хааснаар салбарын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад тулгарсан нь манай улс хүний нөөцийн дутагдалтайг харууллаа. Дотооддоо хүний нөөцөө чадавхжуулах шаардлага байна. Ковид-19 цар тахлын улмаас эрчим хүчний хэрэглээ харьцангуй буурсан. Долдугаар сарын гүйцэтгэлийг өмнөх оныхтой харьцуулахад адил түвшинд байх магадлалтай. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор эрчим хүчний төлбөр тооцоо хийдэг системийг сайжруулах шаардлагатай нь харагдлаа. Бид удаашралтай явж байгаа.

 

Холбоотой мэдээ