Багануур, Шивээ-Овоогийн уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, "Эрдэнэс Монгол" компани Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны экспортын зээлийн санхүүжилтээр 18.3 сая ам.долларын үнэ бүхий 20 техник худалдан авч, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн тоног төхөөрөмжийг шинэчлэв.
Тухайлбал, Багануурын уурхайд нүүрсний 60 тоннын даацтай машин, хөрс овоолгын
бульдозер зэрэг 10 гаруй машин механизм нийлүүлсэн. Ингэснээр цаг агаарын
хүндрэлээс шалтгаалж саатсан хөрс хуулалтын ажлыг нөхөж, нүүрсний нөөцийг
нэмэх боломжтой болжээ. Мөн Шивээ-Овоогийн уурхайд технологийн 5
автомашин, 2 эксковатор нийлүүлснээр өвлийг ажрахгүй давж, технологи, автомашин хүндрэлгүй ажиллахад түлхэц болно. Учир нь тус хоёр уурхайн хувьд,
машин механизмын ашиглалтын хугацаа дуусч, насжилт хэтэрснээс хөрс хуулалт,
олборлолтын ажил удааширч, хүндрэл үүсээд байсан юм. Төвийн бүсийн эрчим хүчний системийг нүүрсээр хангадаг
Багануур, Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай, хэвийн ажиллаж байна.
“Эрдэнэс Монгол” нь “Рио Тинто”, “Газпром”, “Стэйт Грийд”
зэрэг дэлхийн томоохон компанитай холбоотой
ажилладгаас гадна төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Бэрэн”
групптэй хамтран гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Эдгээр стратегийн ач холбогдол бүхий төслийг
эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөжийг нэмэх
нарийн тооцоо судалгаанд үндэслэх шаардлагатайг “Эрдэнэс Монгол” нэгдлийн зөвлөлийн хурлаар
хэлэлцсэн байна. Мөн “COVID-19” цар тахлын энэ цаг үед богино хугацаанд орлогын эх
үүсвэр бүрдүүлэх алт, мөнгөний салбарт онцгой анхаарах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, “Эрдэнэс Силвер Ресурс”, “Эрдэнэс Алт
Ресурс” ХХК-ийн лицензүүдийг богино хугацаанд эргэлтэнд оруулах талаар санал
солилцжээ.