Ажилчдын нийгмийн асуудалд анхаарахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-06 15:57:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Завхан аймгийн “Алтай Улиастайн Эрчим хүчний систем” ТӨХК-ийн ажилтай өнгөрөгч амралтын өдрүүдэд танилцахдаа авлага, өглөгийг барагдуулах, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, урьдчилсан үзлэгийг тогтмол хийх, ажилчдын нийгмийн асуудалд анхаарахыг үүрэг болголоо.

Мөн ирэх дөрвөн жилд эрчим хүчний салбарт хийх бүтээн байгуулалтын талаар мэдээлж, цахилгаан эрчим хүчний найдвартай ажиллагааг сайжруулах ажлын төлөвлөгөөний талаар танилцуулав.

Завхан салбар нь 21 сумын 10600 хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангадаг. Салбарын хэмжээнд 110 кВ-ын дэд станц 7, 15 кВ-ын дэд станц 24, 10 кВ-ын дэд станц 92 ажиллаж байна. 2020 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлээр нийт түгээсэн энергиэс 78.7 хувь буюу 21966.0 мян.кВт.цаг цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулсан нь өмнөх оны мөн үеэс 19,1 мян.кВт.цаг илүү байв

Улиастай хотын гэр хорооллын 3980 өрхийн ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэх, шинэ суурьшлын бүс үүссэнтэй холбоотой шинэ шугам сүлжээ байгуулах, шуурхай үйлчилгээний туулах чадвар сайтай автомашин шаардлагатай. Мөн Богдын голын усан цахилгаан станц /УЦС/-ын 1-р турбин генераторын өдөөлтийн самбарыг шинэчлэх, Хүнгүй, Галуутайн УЦС-уудыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллагаанд оруулах, Тосонцэнгэл сумын 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг шинэчлэх хэрэгтэйг дуулгасан юм.

Холбоотой мэдээ