Ш.Мягмар: Жилд 100 гаруй булаг шанд тохижуулж, гурваас доошгүй цөөрөм байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-08 15:28:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг. Тиймээс усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, зүй зохистой ашиглан, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр УИХ-аар “Ус” үндэсний хөтөлбөрийг 2 үе шаттай (I үе шат 2010-2015 он, II үе шат 2016-2021 он) хэрэгжүүлэхээр баталсан. Ирэх онд хэрэгжүүлж дуусах уг хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдлын талаар Усны газрын дарга Ш.Мягмараас тодрууллаа.


-“Ус” хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон тулгамдсан шаардлагыг тухайн үед хэрхэн тодорхойлж байсан бэ?

Монгол Улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг. Багахан нөөц нь нутаг дэвсгэртээ жигд бус тархсан, хяналт, менежмент сул, эрх зүйн орчин нь төдийлөн боловсронгуй бус, ус хангамжийн түвшин доогуур, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламжийн хүртээмж, хүчин чадал дорой, боловсон хүчин, хүний нөөцийн хомсдолтой тул тулгамдсан асуудлаа шийдэх шаардлага гарсан. Нөгөөтэйгүүр, уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтаас цөлжилт хүрээгээ тэлж байгаа нөхцөлд түүний сөрөг нөлөөг зөөлрүүлэх, байгалийн нөөцийг хадгалах, амьдралын хэв маяг, аж ахуй эрхлэх оновчтой хэлбэрийг тогтоох, эдийн засгийн тогтвортой өсөлт, тухтай амьдралын хэрэгцээг хангах шаардлагатай юм.


Эрдэмтэн, судлаачдын сүүлийн 40 гаруй жилийн судалгаагаар Монгол орны хэмжээнд жилд дунджаар 564.8 км куб усны нөөц бүрэлддэг, газрын доорх ус 10,8 км.куб гэж тогтоосон. Байгаль цаг агаарын онцлогоос хамаараад газрын доорх усаар хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангадаг тул зохистой хэрэглээ чухал байгаа.


Түүнчлэн усны хэрэглээний түвшин харилцан адилгүй. Хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугч хоногт 230-350 л, хөдөө орон нутаг, гэр хороололд оршин суугч 5-10л ус хэрэглэдэг. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөж байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс усан гадаргын ууршил Монгол орны хэмжээнд 2050 онд 50-72 мм-ээр мөн агаарын температур нэмэгдэх явцтай уялдан мөстөл хайлж байна. Гадаргын усны хувьд гол, горхи булаг, шанд, нуур, тойром ширгэж, уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгаа юм.


-Хөтөлбөрийн эхний шатыг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрсэн бэ?

2010-2015 онд “Ус” хөтөлбөрийн эхний шатны хүрээнд хийхээр төлөвлөсөн ажил 78-80 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн. Усны нөөц хамгаалах, зохистой ашиглах мэдээллийг өсвөр, залуу үе, иргэдэд сурталчлах, нийтийн хүртээл болгоход анхаарсан. Усыг бид үйлдвэрлэдэггүй, зөвхөн савладаг учир үр хүүхэддээ шүдээ угаахад нь, шүршүүрт ороход нь усаа хаахаас эхлээд хэрэглээндээ гамтай хандахыг сургах хэрэгтэй байгаа. Ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн оюутнуудад өгөх экологийн боловсролыг боловсронгуй болгох, усны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, усыг зүй зохистой ашиглах, тоолууржуулах гээд олон ажил хийсэн. Говь руу тодорхой бүсээс ус шилжүүлэх, усан санд хуримтлал үүсгэх, усны эрчим хүч ашиглах, усан цахилгаан станцууд барих зарим асуудал мөнгө санхүү, дэд бүтэцтэй холбоотой бүтээн байгуулалт учир хийж амжаагүй.  

 

-Ирэх онд хэрэгжүүлж дуусах “Ус” хөтөлбөрийн 2 дахь шатны ажил хэр урагштай явж байна?

Томоохон голуудын урсцын тохируулга хийх ажлаас бусад нь 70-80 хувьтай хэрэгжиж байгаа.  Ус үндэсний хөтөлбөрийн хүрээнд, зорилт бүрийг жил бүр нарийн төлөвлөж Засгийн газарт танилцуулдаг. Усны нөөц, ашиглалтын менежментийг боловсронгуй болгох, үерийн аюулаас хамгаалах, хаягдал бохир усны цэвэрлэгээний түвшинг дээшлүүлэх, эргүүлэн ашиглах, соён гэгээрүүлэх, хүн амын усан хангамжийг сайжруулах, усыг ариун цэврийн шаардлага хангасан байгууламжаас хүргэх, түгээх, газар доорх усны эрэл хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, нөхцөл бүхий бүс нутгуудад 1:100000 масштабтай гидрогеологийн эрэл, зураглалын ажлыг үе шаттай хийж байгаа.


Сум, суурин газрын усны эрэл хайгуулыг ч жил бүр хийдэг. Жилд 100 гаруй булаг шанд тохижуулж, гурваас доошгүй цөөрөм байгуулж байна. Харин томоохон усан сан барих, тохируулга хийх ажил удааширч байна. Энэ ажлыг хийхэд дэд бүтцээс эхлээд цаг хугацаа, хөрөнгө их зарцуулахаас гадна гадаад хүчин зүйлтэй холбоотой учир амаргүй байгаа юм.


-Хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэх үү?

Одоо дүгнэж хэлэхэд эрт байна. Төлөвлөснөөс аль ажил хоцорсон, хэдэн хувьтай үргэлжилж байгаагаар “Ус үндэсний хөтөлбөрийн биелэлтийг дүгнэнэ. Энэ бүхэнд боловсон хүчин, эдийн засаг, санхүү, техник хэрэгсэл, орон нутгийн онцлогоос гадна дотоод хүчин зүйлийн нөлөөллөөс болоод аль ажил нь хэр амжилттай явж байгааг тодорхойлно. Энэ дүгнэлт гарсны дараа хөтөлбөр цааш үргэлжлэх эсэхийг шийднэ.


-“Ус”хөтөлбөрт ногоон хөгжлийг хангах зохицуулалт хэр туссан гэж та үздэг вэ. Усны нөөцийг хамгаалахад чухал ач холбогдолтой саарал усыг ашиглах талаар манай улсад ямар ахиц гарч байна вэ

Усны нөөц нь байвал эдийн засгийн болоод бусад салбар тогтвортой ногоон хөгжихөд дөхөмтэй. Усны нөөц бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн хамгийн том хүчин зүйл. Тиймээс усны нөөцтэй яаж харилцахаас ногоон хөгжил, тогтвортой хөгжил бий болно. Усны нөөцөө хамгаалж, гамнаж, зөв ашиглавал дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицоход ч амар байх болно. Үйлдвэр, технологийн хаягдал усыг цэвэршүүлж эргүүлэн ашиглаж байгаа. Цэвэрлэх байгууламжаас гарсан усыг саарал болгож ашигласан тохиолдол байхгүй. Иймд Мянганы сорилын сантай 2021-2026 онд хамтран ажиллах 2 дахь гэрээ байгуулснаар хоногт 50 мянган метр куб саарал усыг цэвэршүүлээд дулааны цахилгаан станцын хөргөлтөд өгнө гэж төлөвлөж байгаа. Ингэснээр усаа хэмнэж, ногоон хөгжилд бага гэлтгүй хувь нэмрээ оруулж, саарал ус ашиглалт нэмэгдэх юм. 

Холбоотой мэдээ