Цар тахлын улмаас бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнээ шинэчлэх шаардлага тулгарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-10-08 12:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд ба инновац” форум “Блю скай” зочид буудалд боллоо. Энэ үеэр жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Ковид-19 цар тахлаас үүдсэн хорио цээрийн дэглэмийн үед бизнесээ авч үлдэх, хөрвүүлэх, шинэлэг байх тухай асуудлаар ярилцаж, санал бодлоо хуваалцсан байна.

БНСУ-ын КОЙКА байгууллагаас санхүүжүүлж, Азийн сан, Монфемнет үндэсний сүлжээ хамтран зохион байгуулсан уг форумд бизнес эрхлэгч 50 гаруй эмэгтэй оролцлоо. Энэ үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвөөс худалдааны өдөрлөг зохион байгуулав. Энд эсгий ээмэг, зүүлт, гоёл чимэглэл, эсгийгээр урласан хүүхдийн танин мэдэхүйн ном, ядаргаа тайлах ясны тостой ванны бөмбөлөг, хөл амраах дүрлэг, ванны давс, чихмэл тоглоом зэрэг бүтээгдэхүүн тавьсан байлаа.

Азийн сан Олон улсын байгууллагын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн ажилтан Г.Саруул ярихдаа, “Манай төв бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд 20 төрлийн бизнесийн мэдлэг, ур чадвар олгох сургалт зохион байгуулж, зөвлөгөө өгдөг. Мөн мэдээллийн технологи, мэдээлэл зүйн чиглэлийг дэмжин, сургалт, үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй явуулдаг. Дэлхийд Ковид-19 цар тахал гарснаас хойш олон салбар уналтад орсон тул бүтээгдэхүүнээ шинэлэг болгож өөрчлөх шаардлага тулгарсан. Тухайлбал гадаадын жуулчдад зориулан бэлэг дурсгалын зүйлс хийдэг байсан бол одоогийн нөхцөл байдалд тохируулан бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг яаж өөрчилж болох талаар ярилцаж байна. Уламжлалт бизнес эрхэлж байсан бол одоо нийтийн сүлжээ ашиглаж, хүргэлтээр үйлчилж цаг үеэ даган хэрхэн хувирч болох шийдлийн талаар ярилцаж байна” хэмээв.

Төвөөс зарласан төсөл, хөтөлбөрт хамрагдсанаар буцалтгүй тоног төхөөрөмжийн тусламж, ганцаарчилсан зөвлөгөө, сургалт, үйлчилгээ авах боломжтой аж. Голомт банкнаас санхүүгийн мэдлэг, зээлийн мэдээлэл, ”Хөгжлийн шийдэл” болон МҮХАҮТ-аас бизнесийн шийдлийн зөвлөгөө өгдөг юм байна. 

Холбоотой мэдээ