Яруу найрагч Л.Дагвадоржийн хөшөөг Буянт сумын төвд бүтээн босголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-22 11:28:06

Ховд /МОНЦАМЭ/. Яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны хөшөөний нээлт энэ сарын 21-ний өдөр Ховд аймгийн Буянт сумын төвд боллоо. Буянт сумын уугуул, "Дууны шүлгийн хаан" хэмээн цоллогдсон Л.Дагвадоржийн амьдрал, уран бүтээлийн дурсгалд зориулсан энэхүү хөшөөг зураач, барималч Б.Аюурзана бүтээжээ. 

Тус хөшөөний нээлт Ховд аймгийн Буянт суманд шинээр ашиглалтад орж буй соёлын төвийн нээлтийн үйл ажиллагаатай давхцан өрнөснөөрөө онцлог байв.

Улмаар яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны хөшөө баримлыг шинэ соёлын төвийн урд талбайд суурилуулсан байна.

Энэхүү хөшөө баримлыг соёл, утга зохиолын салбарыг хүндэлдэг, түүний төлөө сэтгэл, үйлсээ зориулдаг нэр бүхий хүмүүс санаачилж, “Лувсангийн Дагвадорж” сангийн ивээн тэтгэлгээр бүтээн босгожээ.

Нээлтийн үйл ажиллагаанд “Лувсангийн Дагвадорж” сангийн тэргүүн Л.Цэрэндулам болон Буянт сумын Залуучуудын холбоо, соёлын төв, Монголын зохиолчдын эвлэлийн Ховд аймаг дахь Алтай салбарын удирдлага, холбогдох төлөөлөл, бусад уран бүтээлчид оролцлоо. Энэ үеэр аймаг, сумын удирдлага, холбогдох хүмүүс үг хэлж, хүндэтгэл үзүүлсэн юм.

Ийнхүү Ховд аймагт анх удаа зохиолч уран бүтээлчийн дурсгалд зориулсан хөшөө босгон, дурсгалыг нь мөнхжүүлж байна. 

Холбоотой мэдээ