“Сайн санааны үйлс“ өдөрлөг зохион байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2020-11-02 14:42:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны дэргэдэх Эмэгтэйчүүдийн дипломат клуб /ЭДК/ энэ аравдугаар сарын 31-нд “Сайн санааны үйлс“ өдөрлөгийг Монгол Улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчийн газрууд, дотоодын аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчидтэй хамтран зохион байгуулав.


Өдөрлөгийн нээлтэд Гадаад харилцааны сайдын гэргий Б.Энх-Амгалан, ГХЯ-ны холбогдох газруудын удирдлага болон манай улсад суугаа Элчин сайдын яамдын тэргүүн нар хүндэт зочноор оролцов. Эмэгтэйчүүдийн дипломат клубийн тэргүүн С.Онон, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмед Язал, ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Оюу нар хэлсэн үгэндээ үндэсний бараа бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, нийгмийн эмзэг бүлгийнхэнд туслахад чиглэсэн төслүүдийг үргэлжлүүлэх нь чухал болохыг тэмдэглэв.


Өдөрлөгийн үеэр Вьетнам, Итали, Лаос, ОХУ, БНСУ, Турк, БНХАУ, Энэтхэг, Японы Элчин сайдын яамд, Европын Холбооны Төлөөлөгчийн газар соёл, урлаг, үндэсний хоол, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцууллаа. Түүнчлэн манай улсын аж ахуйн нэгжүүд, гарааны бизнес болон хувиараа аж ахуй эрхлэгчид, Азийн сан, Европын Холбооны шугамаар Монголд хэрэгжүүлж байгаа төслүүд бараа, бүтээгдэхүүнээ танилцуулав.


Эмэгтэйчүүдийн дипломат клубийн дэмжлэгтэй хэрэгжсэн Дорноговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгийн ангийн тохижилт, Монголд анх удаа байгуулсан “Иргэний номын сан”-г тохижуулах төсөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөдөлмөрт сургахад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах төслийн үр дүнг танилцуулав.

 

Холбоотой мэдээ