Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЧУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-25 18:17:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг өнөөдөр хүлээн авч уулзсан талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг ялангуяа эдийн засгийн салбарт өргөжүүлэхэд чухал ач холбогдол өгдөгөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Чехословак Улс 1990-ээд оныг хүртэл манай улсын бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулсан төдийгүй, 1990 оноос хойш Чех Улс манай улсад хөгжлийн тусламж олгож, нийгэм эдийн засгийн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсээр ирснийг дурдах ёстойг тэмдэглэв.



Цаашид хоёр орны Засгийн газар хоорондын Нийгмийн хамгааллын хэлэлцээрийг соёрхох, Олон Улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн талаарх саналын хариуг уламжилж, хэлэлцээр байгуулахад дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүссэн юм.


Элчин сайд Ийржи Бродский шинээр томилогдсон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд баяр хүргэж, БНЧУ-ын Ерөнхий сайдын баярын захидлыг гардуулан өгөв.



Цар тахлын аюул БНЧУ-д ихээхэн хүндрэл учруулж, нэг сая гаруй иргэн нь өвчилсөн учир онц байдал зарласныг дуулгав. Мөн "COVAX" хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлахаар бэлтгэжээ. Өнгөрсөн долоо хоногт хоёр орны парламентын бүлэг хоорондын цахим уулзалт амжилттай болсонд сэтгэл хангалуун байна гэв.


Талууд хоёр орны харилцаа хамтын ажиллагааны хүрээнд тахь нутагшуулах төслийг үргэлжлүүлж, Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд олон улсын нислэгийн шугам нээх, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулахад цаашид идэвхтэй хамтран ажиллахаар ярилцав.

Холбоотой мэдээ