Гол, мөрний мөс 5-15 см-ээр нимгэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-03-14 17:21:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар дулаарч, гол, мөрний мөсний зузаан 5-15 см-ээр нимгэрч байна. Иймд гол, мөрний мөсөн толио дээгүүр зорчихгүй байхыг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс анхааруулан сэрэмжлүүлж байна. 

Тодруулбал, Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлдэц, Өвөршишгэт зэрэг голын мөсний зузаан өмнөх хоногоос 5 см-ээр нимгэрч, 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. Энэ нь өмнөх оныхоос болон олон жилийн дунджаас 15-50 см нимгэн байгаа аж. 

Хөвсгөл нуурын мөс 5 см-ээр нэмэгдэж, Хатгал тосгон болон Ханх сум орчимд 105-110 см зузаантай, харин Хангайн нуруунаас эхтэй хойд, урд Тамир, Хануй, Чулуут, Идэр голын мөсний зузаан өнгөрсөн 10 хоногоос  5-50 см нимгэрч, 50-125 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна. 


Тэрхийн цагаан нуур, Өгий нуурын мөсний зузаан өмнөх 10 хоногоос төдийлөн өөрчлөгдөөгүй, 130-135 см байна. Хэнтийн нурууны баруун хажуу Хүдэр, Хараа, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Шивэрт, Сөгнөгөр голууд 35-115 см мөсөн бүрхүүлтэй байна. Ерөө, Туул голын дагуу мөсний зузаан өмнөх 10 хоногоос 5-20 см нимгэрсэн бол бусад голуудын мөсний зузаан өөрчлөгдөөгүй байна. 

Гол, мөрний нийт уртын дагууд мөсний зузаан ийнхүү харилцан адилгүй, ихэнхдээ нимгэрч буй тул мөсөн дээгүүр явганаар болон тээврийн хэрэгслээр зорчих, тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна. 



Холбоотой мэдээ