Цар тахалтай тэмцэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын хурал болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 08:23:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол, Хятадын хамтын ажиллагааны механизмын гуравдугаар хуралдаан энэ сарын 26-нд боллоо.


Хуралдаанд Монголын талаас ГХЯ-ны Хөрш орнуудын газар захирал Т.Батцэцэг, Хятадын талаас ГХЯ-ны Азийн газрын дэд захирал Шюэ Жянь нар ахлав. Хуралд  хоёр улсын зам тээвэр, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, гадаадын ажиллах хүч оруулах асуудал хариуцсан байгууллагууд, хоёр улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон зарим орон нутгийн захиргааны төлөөлөгч оролцов.


Талууд тус механизмын хүрээнд тохиролцон хэрэгжүүлж буй хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийн явцыг дүгнэж, цар тахлын нөхцөл байдлын улмаас хоёр улсын голлох боомтуудын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх боломжийн талаар ярилцав. Цар тахлын тархалтыг хязгаарлах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн зэрэгцээ  худалдаа,  эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд зорчих, ажиллах хүчин нэвтрүүлэх ажлыг аль болох хэвийн явуулахыг зорьж ажиллахаар тохиролцсон байна.

Холбоотой мэдээ