Замын-Үүдийн хилийн боомтыг шат дараатай нээх асуудлыг УОК-т уламжилна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-04-06 18:46:38
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус танхимын дарга Т.Дүүрэн нартай өнөөдөр цахимаар уулзав.


Уулзалтын үеэр сайд Б.Батцэцэг өнгөрсөн хугацаанд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэх таатай орчин, боломжийг бүрдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй Монгол экспорт хөтөлбөр болон бусад бодлого, зохицуулалтыг бодитоор ажил хэрэг болгох, үр дүнд хүргэхэд амжилттай хамтран ажилласан болохыг тэмдэглэв.


Сайд Б.Батцэцэг COVID-19 цар тахлаас эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг сэргээн идэвхжүүлж, Хөххотод байгуулж буй Монголын бараа бүтээгдэхүүний дэлгүүр болон цахим борлуулалтын төвд тодорхой дэмжлэг олгох, Монгол Улсын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх замаар гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, зохицуулалтыг хариуцдаг төрийн захиргааны төв байгууллага болох ГХЯ, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж төлөөллийг хэрэгжүүлдэг гол байгууллага болох МҮХАҮТ хооронд хамтын ажиллагаагаа улам нягтруулан өргөжүүлэхээр тохиролцов.



МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Засгийн газраас коронавирустэй тэмцэхдээ аль болох хатуу хөл хорио тогтоож, бизнесийн ажлыг зогсоохгүй бодлого баримталж, арга хэмжээ авч хэрэгжүүлж буйд аж ахуйн нэгж байгууллагууд талархаж байгааг илэрхийлээд, хилийн боомтод үүсээд буй нөхцөл байдалд УОК-оос нааштай шийдвэр гаргахад анхаарч, дэмжиж ажиллахыг хүсэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 7-ноос Замын-Үүдийн хилийн боомтыг шат дараатай нээх асуудлыг цааш нь УОК-т уламжлахаа илэрхийлэв.

Холбоотой мэдээ