Мал эмнэлгийн лабораторийг шинэчлэх ажил үргэлжилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Мал Аж Ахуйн Эдийн Засгийн Эргэлтийг Нэмэгдүүлэх (МААЭЗЭН) төслөөс энэ сарын 14, 15-нд зохион байгуулсан цахим симпозиумд Монгол Улсын 21 аймгаас мал эмнэлгийн 300 орчим мэргэжилтэн оролцлоо.
Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын газрын дарга нар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ)-ийн захирал, төслийн үндэсний зөвлөхүүд тус бүр 20 минутын илтгэл тавьж хийж гүйцэтгэсэн ажил, үнэлгээний талаар симпозиумд оролцогчдод мэдээлэл өглөө.
Симпозиумыг МЭЕГ-ын дарга Б.Ганзориг нээж үг хэлсэн бөгөөд мал эмнэлгийн салбарт хийсэн үнэлгээ, одоогийн мал амьтны тандалт судалгааны хөтөлбөр, мал эмнэлгийн оношилгооны лабораторийн чадавх, мал эмнэлгийн мэргэжилтнүүдийн итгэмжлэл олгох сургалтын талаар өгч буй төслийн зөвлөхүүдийн зөвлөмжүүдийг танилцуулсан.
МЭЕГ-ын удирдлагууд төслийн зөвлөхүүдийн өгсөн зөвлөмжүүдэд тулгуурлаж цаашид МЭЕГ-аас хийх ажлын тоймыг танилцуулав. Үүнд, мал амьтны өвчнийг тандах нэгдсэн тогтолцоог орон даяар хэрэгжүүлэх, шийдвэр гаргагчдыг бодит хугацааны үнэн зөв мэдээллээр хангах, мөн мал эмнэлгийн сүлжээ лабораторийн шинэ бүтэц, ажлын төлөвлөгөө, стратеги төслийн талаар хэлэлцүүлсэн.
Лабораториудыг шинэчлэх ажил нь МААЭЗЭН төслийн хүрээнд цаашид үргэлжлэн хэрэгжих болно. Мөн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид ажиллаж буй хувийн малын эмч нар нь малчин өрхөд буюу газар дээр нь очиж вакцин хийх, туулга, халдваргүйтгэл хийх юм. Ингэхдээ, малд эмнэлзүйн үзлэг хийх туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болж байгаа тухай танилцуулсан. Энэхүү эмнэлзүйн үзлэгийг хийснээр, малын эрүүл мэндийн байдлын талаар сумын тархвар зүйчид тогтмол тайлан мэдээлэл өгч байх юм. Ингэснээр, мал амьтны өвчний талаар МЭЕГ бодит мэдээлэлтэй болохоос гадна халдварт өвчинтэй тэмцэх, малын эрүүл мэнд сайжруулах чиглэлээр шийдвэр гаргахад дөхөм байх болно.
Хурлын үеэр илтгэл тус бүрийн дараа хоёр асуулт бүхий цахим санал асуулгыг нийт оролцогчдын дунд явуулсан. Энэ нь оролцогчид болон илтгэгчид хоорондоо харилцан ойлголцолд хүрч байгаа эсэхийг газар дээр нь баталгаажуулах нэг хэлбэр юм. Симпозиумын хоёр дахь хагаст цахим асуумжийн үр дүнг оролцогчдод дэлгэрэнгүй тайлбарлаж ярилцсан. Түүнчлэн энэ сарын 21-нд нийт оролцсон хүмүүстэйгээ нээлттэй асуулт хариултын хэсэг дахин зохион байгуулахаар бэлтгэж байна.