Улсын хэмжээнд 46.8 мянган албан тушаалтан ХАСХОМ-ээ шинэчлэн бүртгүүлнэ

Монголын мэдээ | НИЙГЭМ
uransolongo49@gmail.com
2022-01-19 19:22:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ээ шинэчлэн гаргах үүрэгтэй.


Мэдүүлэг гаргагчдын урьд оны ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх эрхийг https://meduuleg.iaac.mn/ мэдүүлгийн цахим системд нээсэн бөгөөд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх ажил улсын хэмжээнд үргэлжилж байна.


Төрийн болон төрийн өмчит хуулийн этгээд 1800 гаруй салбар байгууллагаас АТГ-т урьдчилан ирүүлсэн дүнгээс үзэхэд 46 807 албан тушаалтан өнгөрсөн оны ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлэх тоон мэдээ гарчээ.


Энэ онд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Шүүхийн сахилгын хороо, Үндэсний итгэмжлэлийн төв, Хадгаламжийн даатгалын корпорац зэрэг яам, байгууллага шинээр байгуулагдсан тул мэдүүлэг гаргагчдын тоонд өөрчлөлт орсон байна.


Монгол Улсад бий болсон омикрон хувилбарын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны ХАСХОМ-ийг шинэчлэн гаргуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулж, нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллаж байна.

Холбоотой мэдээ