БАЯНХОНГОР: Баян-Овоо сумын эрүүл мэндийн төвийн их засвар дууслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-09 17:33:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Орон нутагт иргэдийнхээ ажиллаж, амьдрах тухтай орчныг бүрдүүлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд Баян-Овоо сумын удирдлагууд жилээс жилд анхаарч, тулгамдаж буй асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж байна.


Тухайлбал, өнөөдөр тус сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн их засварын ажил бүрэн дуусаж ард иргэд тав тухтай орчноос үйлчилгээ авах боломж бүрдлээ. Энэхүү ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 50 сая төгрөг, тухайн суманд үйл ажиллагаа явуулдаг "Итгэлт хүлэг" ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжлэг болгосон 200 сая төгрөгийн өртгөөр гүйцэтгэжээ.


77 жилийн түүхтэй Баян-Овоо сум нь аймгийн төвд ойрхон 30 орчим км зайтай оршдог. 2000 оноос хойш тус сумын харьяат иргэдээс цөөнгүй нь шилжилт, хөдөлгөөн хийж төв суурин тийш нүүдэллэсээр хүн амын тоо буурч байв. Харин сүүлийн 5 жилийн хугацаанд ажлын байр нэмэгдүүлэх, амьдрах орчныг сайжруулах зэрэгт сум орон нутгийн бодлого хэрэгжүүлэгч нар анхаарч ахуйн үйлчилгээний төв, хаус хороолол, нэгдсэн хашаажуулалт зэргийг хийжээ. Мөн төрийн алба хаагч нарыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулан ажилладаг байна. 2021 оны байдлаар тус сумын хүн амын тоо 2900 гаруй болжээ.

 


Холбоотой мэдээ