БАЯНХОНГОР: Усан хөтлийн уяад 200 бог багтдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-04-21 11:56:05

Баянхонгор, 2026 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Асгамба гуравдугаар багийн нутагт Усан хөтлийн уяа гэх содон газар бий.

Энэ нь уулын хажууд байрлах, 20 метрийн гүнтэй, 30 метр урт, 10 метр өргөн хэмжээтэй, 200 бог, 50 бод мал багтах нуугдмал хавцал юм.

Сайн ноён хан аймгийн Дайчин вангийн хошуу нь эрт үеэс сайн эрс олонтой, аймаг дамнан хурдан хүлэг адуу хөөдөг, хөөж ирсэн адуугаа хошууныхаа ядууст тараан өгдөг баатарлаг хүмүүс олон байжээ. Тэдний нэг нь Баян-Овоо сумын Хундан Бадамжав хэмээх сайн эр байсан гэдэг.


Манжийн захиргааны үеэс сайн эрс хөөж ирсэн мал сүргээ оруулж байрлуулдаг байсан уг газрыг Усан хөтлийн уяа хэмээн нэрлэж иржээ.


Шилийн сайн эр гэдэг нь XIX зууны хоёрдугаар хагасаас 1930-аад он хүртэл шилээр амьдрагч буюу хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж амьдардаг эрсийг хэлдэг. Шилийн сайн эр гэсэн онцлог нь хувиа бодож, хулгай дээрэм хийдэг байсан хулгайч биш, хятад худалдаачид, баяд ноёдын адуу мал, эд хөрөнгийг дээрэмдэж аваад ядуу хүн ардад тус болж хулгайлснаа тарааж өгдөг эрсийг хэлдэг байжээ. Шилийн сайн эрс нь одоогийн Сүхбаатар аймгийн Шилийн богд ууланд гарч тангараг өргөдөг байсан түүхтэй гэдэг бөгөөд Хулгар Нацаг, Торой Банди, Тогос Цүлтэм, Цахиур Төмөр, Хангай Базар, Улаан Дамаа, Хундан Бадамжав зэрэг домог болсон шилийн сайн эрс байжээ.

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 646 км, аймгийн төвөөс 26 км зайд оршдог.

Тус сум нь зүүн хойд талаараа Эрдэнэцогт сумтай 32 км, зүүн талаараа Баянхонгор сумтай 16 км, зүүн урд талаараа Өлзийт сумтай 34 км, урд талаараа Жинст сумтай 23 км, баруун урд талаараа Баацагаан сумтай 55 км, баруун талаараа Бөмбөгөр сумтай 38 км, баруун хойд талаараа Галуут сумтай 82 км газраар тус тус хиллэдэг.

Холбоотой мэдээ