Газрын тосны үнэ унажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-11-28 15:57:53

ЛОНДОН. /Reuters/. Дэлхийн газрын тосны хамгийн том импортлогч орон болох Хятад улсад “COVID-19” халдвартай тэмцэх хязгаарлалтуудыг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлтэд нөлөөлөх вий гэх болгоомжлол үүсэж, улмаар даваа гарагт газрын тосны үнэ 2 гаруй ам.доллароор унаж, “WTI” маркийн газрын тосны үнэ 11 сарын доод түвшинд хүрчээ.


Тодруулбал, “Brent” маркийн газрын тосны нэг торхийн үнэ 2.16 ам.доллар буюу 2.6 хувиар буурч, 81.47 ам.долларт хүрсэн нь нэгдүгээр сарын 11-нээс хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Мөн “WTI” маркийн газрын тосны үнэ 2.08 ам.доллароор /2.7 хувь/ буурснаар 74.20 ам.долларт хүрсэн байна.


Олон улсын жишиг хоёр маркийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан буурч, өнгөрсөн долоо хоногт сүүлийн 10 сарын доод түвшинд хүрээд байсан юм. Өнгөрсөн долоо хоногт “Brent” 4.6 хувь, “WTI” 4.7 хувиар тус тус үнэ нь унасан байна.


“Хятадад “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэж, Засгийн газраас халдвартай тэмцэхийн тулд хэрэгжүүлж буй хатуу арга хэмжээнүүдийг эсэргүүцсэн жагсаал өрнөсөн нь газрын тосны эрэлт буурах вий гэсэн болгоомжлолыг төрүүлээд байгаа үед үнэ ийнхүү буурч байна” гэж “Nissan Securities” компанийн судлаач Кикүзава Хироюки мэдээлжээ. 

Холбоотой мэдээ