ӨМНӨГОВЬ: ХХҮГ-аас ноднин 7 хөтөлбөрийн хүрээнд 28 ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-03-28 15:23:50

Даланзадгад /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ХХҮГ-аас энэ сарын 27-нд зохион байгуулсан “Хөдөлмөрлөж хөгжих говийнхон” хөдөлмөрийн өдөрлөгт 400 гаруй хүн хамрагджээ.

 

Өдөрлөгөөр 2022 онд иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн мэдээллийг хүргэж, 2023 онд хийхээр төлөвлөсөн хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Мөн нийгмийн халамжийн чиглэлийн үйлчилгээ, арга хэмжээ, хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг иргэдэд мэдээлэх, сурталчлах, шаардлагатай зарим үйлчилгээг газар дээр нь хүргэх зэрэг ажлыг хийлээ.

ХХҮГ-аас 2022 онд 7 хөтөлбөрийн хүрээнд 28 ажлыг зохион байгуулж хэрэгжүүлсэн байна. Өдөрлөгийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж төслөө амжилттай хэрэгжүүлсэн иргэдэд талархал илэрхийлж алдаршуулсан бөгөөд бүтээгдэхүүнээр нь үзэсгэлэн худалдаа зохион байгууллаа.

 



Хөдөлмөрийн өдөрлөгийн үйл ажиллагаанд Өмнөговь аймгийн НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн, Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх, Цагдаагийн газрын төлөөлөл оролцлоо.

 

2023 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх, Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөрт бэлтгэх сургалт, Аж ахуй эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа зэрэг 7 хөтөлбөр хэрэгжих юм. Тус төслүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтэд  2.8 тэрбум төгрөг баталжээ.

Өдөрлөгийн үеэр ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх төслийг хамтран хэрэгжүүлэхээр Даланзадгад сумын Засаг дарга Х.Батболд, БОАЖГ-ын дарга Х.Отгонмөнх нартай гэрээ байгуулсан бол аймгийн Цагдаагийн газартай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Өмнөговь аймгийн НБХ-ийн дарга Ц.Бадамцэрэн

Өмнөговь аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зөвлөл хуралдаж, энэ чиглэлээр хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталсан. Энэ ажлын хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төсөл хөтөлбөрүүдийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Түүнчлэн Орон нутгийн төсвөөс хэрэгждэг “Өсөлтийг өрх бүрт” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэд, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн 2 хүртэл сая төгрөгийн төслийн уралдааныг зарлаж төслүүдээ хүлээн аваад байна. Цаашид бид залуучуудын гарааны бизнесийг дэмжих “Старт ап” төсөл болон 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслүүдээ эхлүүлнэ.

Уул уурхайн ростерын хугацаа 14 14  болсонтой холбогдуулан ажлын байр нэмэгдэж уул уурхайн компаниудад ажлын байранд зуучилдаг байгууллагуудаар дамжин залуучууд ажилд орж байгаа. Өмнөговь аймгийн хэмжээнд өмнөх онуудтай харьцуулахад хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлт өндөр гарч, ажилгүйдэл буурсан амжилттай байна.

 

Даланзадгад сумын 6 дугаар багийн иргэн Ц.Энхчимэг

Би ХХҮГ-ын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Нэхмэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Энэ ажилдаа их сонирхолтой. Дан ганц үйл ажиллагаагаа явуулдаггүй. Мэддэг чаддаг зүйлсээ хуваалцах зорилгоор  сонирхсон хүмүүст нэхмэлийн сургалтыг явуулдаг. Жишээ нь ахмадын өргөөнд гутал нэхэх чиглэлээр сургалт явуулж 25 хүн хамрагдсан. Энэхүү төсөлд хамрагдсанаар үйл ажиллагаа өргөжин захиалагчтай болж өрхийн орлого нэмэгдсэн үр дүнтэй байна. Би одоогоор нэхмэл гутал мөн зөөлөн нэхмэл болох орны бүтээлэг, хүүхдийн тоглоом, цүнх, малгай гээд өөр олон зүйлүүдийг нэхдэг. Энэ нэхмэлийн үйл нь эрүүл мэндийн хувьд маш эерэг нөлөөтэй.

Нэхмэл хийсэн хүн мартах зөнөх гэдэг өвчин тусдаггүй. Бидний үйл ажиллагааг дэмжсэн та бүхэнд талархлаа.

 

Баяндалай сумын иргэн Х.Цэрэнпагма

Сумаасаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлд хамрагдсан. Энэ төсөлд хамрагдсанаар маш том дэмжлэг болсон. Өрхийн орлого нэмэгдсэн. Мөн сум орон нутагтаа ч гэсэн үр бүтээлтэй олон ажлыг хийж хэрэгжүүлэх боломж бүрдсэн. Миний хувьд сураар хийж болох бүх бүтээлийг, тэмээний ноос болон сарлагийн савгаар хийсэн бүтээл, эсгий болон гар урлалын бүтээл, жижиг сувинеруудыг хийдэг. Манай сумаар жуулчид их явдаг. Одоо 4 дүгээр сар гараад л жуулчид явж эхэлнэ. Тиймээс бид жуулчдад бүтээгдэхүүнээ худалддаг. Байнгын эрэлттэй. Сувинер болон жижиг урлалуудаа 2 дугаар сараас эхлэн хийхгүй бол амждаггүй. Жуулчид ирээд эхэлсэн байхад бүтээл хийнэ гэж байхгүй. Олноор нь бэлдсэн байх нь чухал. Иргэдийнхээ өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллаж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. 

Холбоотой мэдээ