ДОРНОГОВЬ: Орон нутагт гарааны бизнес эхэлбэл албан татварыг 5 жилийн хугацаанд бүрэн хөнгөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Дорноговь аймгийн ЗДТГ-аас “Нээлттэй Дорноговь” чуулганыг дөрөвдүгээр сарын 28-29-нд Сайншанд хотод зохион байгууллаа.
Хөдөөгийн сэргэлтийг хангах, нутагтаа сайхан амьдрах боломжийг бүрдүүлэх зорилготой тус чуулганд аймгийн Засаг дарга О.Батжаргал илтгэл тавив. Тухайлбал, орон нутгаас гарааны бизнесээ эхэлж байгаа компаниудын орлогод ногдох албан татварыг таван жилийн хугацаанд бүрэн хөнгөлөх, орон нутагт дулаан, цахилгааны төслүүд хэрэгжүүлвэл борлуулалт хийж эхэлснээс хойш гурван жил 90 хувиар хөнгөлөх, дараагийн гурван жил 50 хувиар орлогын татвараас тус тус хөнгөлөх, Улаанбаатар хотоос үйлдвэр, ажлын байраа Дорноговь аймаг руу нүүлгэсэн тохиолдолд нүүлгэн шилжүүлэлтийн зардлыг 50 хувиар нэмэгдүүлэн тооцож, татвар ногдох орлогоос хасаж тооцох зохицуулалт хийхээр төлөвлөжээ. Нийслэлээс 500-1000 км алслагдсан нутагт бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөх, алслагдсан суманд бизнес эрхэлсэн тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого хэрэгжүүлэх аж.
Чуулганд
Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, хөдөөгийн сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх
Засгийн газрын төв ажлын хэсгийн дарга, гишүүд, төрийн захиргааны төв
байгууллагын албаны хүмүүс, БНХАУ, ОХУ, Энэтхэг Улсын зочид төлөөлөгчид,
Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд, Дорноговь аймгийн
ард иргэд 1000 гаруй хүн оролцжээ.