Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хэлэлцэж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-31 16:51:39
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчдын  дунд Улаанбаатар хотын өмнө тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, харилцан туршлага солилцох, албан хаагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадварыг сайжруулах, санал санаачилгыг дэмжих зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулжээ.


Аравдугаар сарын 30-ны өдөр болсон эрдэм шинжилгээний хуралд “Лифтний насжилт, ашиглалтын төлөв байдлын судалгаа”, “Нягтаршил өндөртэй орон сууцны хорооллын стандарт хүртээмжийн  судалгаа”, “Газар зүйн мэдээллийн системд суурилсан олон шалгуурт шинжилгээний аргаар үерийн эрсдэлийг тодорхойлох нь” зэрэг илтгэлүүд шилдгээр шалгарсан байна.


Мөн “Барилгын салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь” илтгэлд салбарын асуудлаар хууль эрх зүйн хүрээнд тусгагдаагүй зарим асуудлыг хөндөж, судлан гаргасан нь оновчтой болсон хэмээн дүгнэжээ. Тодруулбал, илтгэлд барилгын захиалагч, гүйцэтгэгчид тавих төрийн хяналтыг хэрхэн сайжруулах талаар, стандартын шаардлагад нийцсэн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, үүнтэй холбоотой иргэний өмчтэй байх эрхийг хангах үүднээс Барилгын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал боловсруулсан байна.




Холбоотой мэдээ