Б.Дэлгэрбаяр, Х.Бямбарагчаа нар М.Магомаевын олон улсын VI уралдааны гала тоглолтод дуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Чеченийн нийслэл Грозный хотноо энэ сарын 13-нд эхэлсэн Олон улсын дуурийн дуулаачдын VI уралдааны шүүгчдийн шийдвэрээр ДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа, Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр нар өнөөдөр орой хүндэтгэлийн гала тоглолтод дуулахаар болжээ.
Х.Бямбарагчаагийн хувьд энэ нь хамгийн анхны олон улсын тайз болж байгаа юм. Тэрбээр өдгөө 29 настай бөгөөд бас-баритон хоолойтой нэгэн. Харин “Монгол Магомаев” гэгдэх Б.Дэлгэрбаярын хувьд хоёр дахь удаагаа энэхүү нэр хүндтэй уралдаанд урилгаар оролцож байна.
ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” VI олон улсын уралдаанд ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотоос гадна Алтай, Ставрополь, Краснодар, Псков, Свердловск, Калининград, Нижнегородск, Новосибирск, Оренбург муж, Алания, Владикавказ, Ямало- Ненецкийн автономит тойрог, ОХУ-ын Буриад, Татарстан, Ингушети, Дагестан, Беларусь, Коми, Кабардино-Балкари, Башкортостан, Чечень болон Латви, Монгол зэрэг орны 18-35 насны 200 гаруй дуулаач оролцжээ.