Нийслэлийн 2024 оны төсвийг эцэслэн баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-12-06 09:04:00

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит XX хуралдаанаар өчигдөр нийслэл Улаанбаатар хотын 2024 оны төсвийг эцэслэн баталлаа.


Ирэх оны нийслэлийн төсөвт 2,598.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь 2023 оны баталсан төлөвлөгөөнөөс 652.8 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй байна. Төсвийн төслийн тооцоогоор 2024 онд нийслэлийн төсвийн орлогын 93.1 хувь буюу 2,418.5 тэрбум төгрөгийн татварын орлогоор, үлдэх 6.9 хувь буюу нийт 180.4 тэрбум төгрөгийн татварын бус орлогоор бүрдүүлнэ.


Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл, хотын шуудын төсөвт 884.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 34 хувийг бүрдүүлэхээр байна.


Харин дүүргүүдийн төсөвт 1,714.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, нийслэлийн төсвийн орлогын 66 хувийг тус тус бүрдүүлэх тооцоолол гарчээ. Харин төсвийн зарлагын хувьд 1,109.6 тэрбум төгрөгийг урсгал зардалд зарцуулна. Энэ нь нийт зарлагын 46.3 хувь юм. Харин 40.3 хувь буюу 964.8 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд, 85.2 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 0.3 хувийг хоёр дүүргийн санхүүгийн дэмжлэгт зарцуулна.



Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийслэлийн ирэх жилийн төсөв дэд бүтцийн бүтээн байгуулалт руу чиглэснийг онцолж байна.


Тэрбээр, төсөвт Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдэх суурь дэд бүтцийг байгуулахаар тусгасан гээд энд, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, дэд төвүүдийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг нэгдүгээрт эрэмбэлнэ гэв.


Харин нийслэлээс улсын төсөвт 230.3 тэрбум төгрөгийг Улсын төсөвт өвлөрүүлэхээр тус тус тооцон төлөвлөсөн байна. Мөн хурлаар нийслэл хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төсөлд санал хурааж дэмжлээ. Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоохдоо:

  • Бүх төрлийн тамхи болон согтууруулах ундааны барааны албан татварт 2.0 хувь
  • Баар, ресторан, зочид буудал, амргалтын газар, автомашин угаалга, авто үйлчилгээнд 2.0 хувь татвар тогтоолоо. 

Албан татварын хэмжээг 2 хувь болгон нэмэгдүүлснээр 2024 оны нийслэлийн төсөвт 32 тэрбум төгрөгийн орлого төвлөрнө гэж тооцсон байна.


Нийслэлийн төсвийн төсөлд НИТХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтийг мөн танилцуулав. НИТХ дахь олонхын бүлэг буюу МАН-ын бүлгийн хувьд нийслэлийн 2024 оны төсвийн урсгал зарлаас оюутнуудад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 12,348,765 мянган төгрөгөөр, МСҮТ-ийн сурагчдад олгох нийтийн тээврийн унааны нөхөн олговор зардлыг 1,823,580.0 төгрөгөөр бууруулах саналыг гаргалаа. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх зарим ажлыг нэмэх саналыг танилцуулсан юм. Үүнд:

  • ЕБС-иудын гал тогооны их засварт 3.5 тэрбум төгрөг,
  • Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлд 2 тэрбум төгрөг,
  • Баянгол дүүрэг 15, 34 дүгээр хороонд нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэхэд 2 тэрбум
  • Түргэн тусламжийн машинд 1.2 тэрбум төгрөг
  • Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны Соёлын ордны барилгад 3 тэрбум 392.2 сая төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн 39, 43 дугаар хорооны барилгад 28.6 сая төгрөг
  • Баянгол дүүргийн 18 дугаар хороонд Түшиц хана засварлахад 959.4 сая төгрөг
  • Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо бага сургууль, цэцэрлэгийн цогцолборт 2 тэрбум 950 сая төгрөг
  • Багануур дүүргийн цогцолбор сургуулийн гадна фасад засварт 1 тэрбум 588.9 сая төгрөг
  • Баянгол дүүргийн 25 дугаар хороо, Хорооны цогцолбор барилгад 2.1 тэрбум төгрөг
  • Баянзрх дүүргийн 35 дугаар хороонд Хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгад 3 тэрбум 348.4 сая төгрөг
  • СХД-12 дугаар сургуулийн барилгыг нурааж шинээр барихад 4 тэрбум 912 сая төгрөг
  • БЗД 85 дугаар сургуулийн спорт заалны барилга 851.6 сая төгрөг
  • Сонгинохайрхан дүүрэгт магистраль шугам өргөтгөн шинэчлэхэд 1 тэрбум 588.1 сая төгрөг
  • Сүхбаатар дүүргийн 6-р хороонд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний угсралтын ажилд 1 тэрбум 322.6 сая төгрөг
  • Орлогод нийцсэн орон сууцны төслийн хүрээнд тавих авто зам, гадна тохижилтын ажилд 1 тэрбум 785.1 сая төгрөгөөр нэмэгдүүлэх /СБД-6 дугаар хороо/
  • Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд цэцэрлэгийн барилга худалдан авахад 3.5 тэрбум төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд залуучуудын театрын хөгжлийн бэрхшээлтэй иргэний лифт угсрах, гадна тохижилтын ажилд 130 сая төгрөг зарцуулах саналыг гаргаж, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар бүхэлд нь дэмжин баталлаа.

НИТХ дахь АН, ХҮН намын бүлгийн дүгнэлтийг 2 бүлгийн дарга Д.Гантулга, Б.Эрдэнэсүх нар танилцуулсан юм.

Холбоотой мэдээ