Гарааны бизнес эрхлэгчид Sushi-Tech Tokyo үзэсгэлэнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-19 09:49:12

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын удирдлагууд Токио хотын захиргааны төлөөлөлтэй Sushi-Tech Tokyo үзэсгэлэнгийн талаар цахимаар санал солилцжээ. Ирэх тавдугаар сард Японы Токио хотноо болох тус үзэсгэлэнд гарааны бизнес эрхлэгчдийг голчлон дэмжиж, оролцуулах аж.


Уг үзэсгэлэнд оролцсоноор орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан шинэ техник, шийдэл бүтээж буй старт-ап компаниудыг холбох, туршлага солилцох боломжтой гэдгийг Токио хотын захиргааг төлөөлөн санал солилцсон Есүкэ Кимүра онцоллоо. Мөн Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газрын дарга Б.Билгүүн старт-ап компаниудыг тус технологийн үзэсгэлэнд оролцоход  шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.


Энэхүү үзэсгэлэнг “Тогтвортой хөгжлийн төлөөх дэлхийн хотуудын сүлжээ” хотын дарга нарын форумын хүрээнд зохион байгуулдаг юм. Уг технологийн үзэсгэлэнд 2023 онд нийт 30 орны, 100 гаруй хотын технологийн 300 гаруй компани оролцсон бөгөөд Монгол Улсаас Metaforce, Fibo Global компани оролцож байв.


Сонирхуулахад, Монгол Улсад 1992 онд ЖАЙКА-гийн анхны сайн дурын ажилтнууд ирж байв. Тэгвэл ирэх сараас хоёр жилийн хугацаанд Нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газарт ажиллаж, туршлагаасаа хуваалцах юм байна. 

Холбоотой мэдээ