Ц.Магалжав: Түрүү бөхийн допингтой холбоотой маргааныг Спортын арбитр шийднэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. 2023 оны Үндэсний их баяр наадмын түрүү бөх улсын арслан М.Бадарчаас допингийн төрлийн бодис илэрсэн ч тэрбээр “Спортын арбитр” төрийн бус байгууллагад хандсанаар уг маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа юм.
Энэ маргааны хариуцагчаар Улсын баяр наадмыг зохион байгуулах комисс татагдсан. Маргааныг шүүх арбитрын хурал энэ сард олон нийтэд нээлттэй болох тухай яригдаж байв. Тэгвэл Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурлын үеэр Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав сэтгүүлчдийн асуултад хариулжээ.
Тэрбээр ярихдаа, “МҮБХ, допингийн эсрэг байгууллага, арбитрын байгууллагаас мэдээлэл авч ажиллахыг Шадар сайд чиглэл болгож байна. Баяр наадмыг зохион байгуулах бөхийн салбар хороо энэ асуудалд анхаарч ажиллана. Улсын баяр наадам учраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, бөхийн салбар хороо, МҮБХ гурвуулаа хамтарч оролцож, зохион байгуулдаг. Түрүү бөхийн допингтой холбоотой маргааныг “Спортын арбитр” шийдэх учраас хүлээж байна. Үндэсний баяр наадмын бөхийн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог.
Шадар сайдын зүгээс Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны
даргын хувьд допинг илэрсэн бөхийн цолыг хураах асуудлыг Ерөнхийлөгчид өнгөрсөн
жил хүргүүлсэн. Гэхдээ арбитрын шийдвэрийг хүлээхээс өөр аргагүй. Цаашид улсын
баяр наадмаар бөхийн цолыг шууд олгодоггүй, батламж гардуулдаг байх
зохицуулалтыг хийх шаардлагатай. Ингэхийн тулд хуульд өөрчлөлт оруулах ёстой.
Шадар сайд ч ийм байр суурьтай байгаа” гэв.