“Дэлхийн цирк Монголд” төслийг хэрэгжүүлснээс хойш 240 мянган үзэгч үзэж сонирхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. “Дэлхийн цирк Монголд-2025” олон улсын циркчидийн хамтарсан тоглолт дөрөвдүгээр сарын 12-нд нээлтээ хийнэ.
Энэ удаагийн тоглолтод Монгол, Америк, Герман, Итали, Аргентин, Колумб, Орос, Иран, Беларусь, Украин, Узбекистан, Казахстан зэрэг 15 орны олон улсад чансаа өндөр нэр хүндтэй жүжигчид оролцохоос гадна дэлхийн номер нэг алиалагч Дэвид Ларибле хүрэлцэн ирж монголын үзэгчдэд циркийн урлагийн гайхамшгийг үзүүлнэ.
Түүнчлэн циркийн “Хаан” үзүүлбэр агаарын нисэлт, дэлхий дээрх цорын ганц эмэгтэйчүүдийн шидэх банзнаас үсрэгчид, амь эрссэн мото шоу, есөн метр өндөр дугуйн дээрх үзүүлбэр, циркийн урлагийн хамгийн үзэсгэлэнтэй агаарын цагираг, өхөөрдөм хөөрхөн сургуультай нохойнууд зэрэг олон улсын тэмцээний шагналтнууд оролцох юм.
Монголын циркийн түүхэнд ахин шинэ хуудас нээх энэхүү тоглолт нь шинэлэг тайз, сонирхолтой найруулга, орчин үеийн гэрэлтүүлэг, дууны эффект, шинэ технологиудыг ашиглан үзүүлбэр бүрийг онцгой өнгө төрхтэй хүргэхэээр бэлтгэж байгаа аж. Энэхүү тоглолт нь циркийн урлагийг шимтэн сонирхогчид, гэр бүл, хүүхэд багачуудын хувьд мартагдашгүй дурсамж үлдээх төдийгүй Монголын циркийн урлагийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой юм.
Тоглолтын талаар Монголын циркийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэ ярихдаа, “Бидний баримталдаг зарчим бол хаана, юу үзэх нь хамгийн чухал. Мөн үзэгчдийн аюулгүй байдал, тав тухтай байдлыг хангах нь чухал. Тиймээс энэ тал дээр гол анхаарлаа хандуулдаг. 2003 оноос эхэлж “Дэлхийн цирк Монголд” төслийг хэрэгжүүлж, Монгол Улсад 10 жилийн хугацаанд 240 мянга орчим үзэгч үзэж сонирхсон байна. Аливаа тоглолт өөрийн гэсэн өнгийг бүрдүүлдэг. Энэ утгаараа Монголд хоёр манежтай циркийн тоглолтыг өнгөрсөн жилээс зохион байгуулсан нь өргөн хүрээг хамарч байна. Энэ жилийн хувьд 240 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг оролцох юм” гэв.
Тоглолт дөрөвдүгээр сарын 12-оос тавдугаар
сарын 11-нийг дуустал долоо хоног бүрийн бямба, ням гарагт 11:00, 15:00,
19:00 цагт “Степп Арена” ордонд болно. Тасалбарын үнэ суудлын байрлалаасаа
хамаарч 20-100 мянган төгрөгөөр борлуулж байгаа ба Ticket.mn сайтаас
онлайнаар худалдаж авах боломжтой.