Монгол Улсын шатрын шигшээ баг хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-13 09:52:24

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулсан Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын шатрын багийн аварга шалгаруулах өндөр зэрэглэлийн олон улсын тэмцээнээс Монгол Улсын шигшээ баг хүрэл медаль хүртлээ.


Энэхүү тэмцээнийг найм дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг улсын дэлхийн шилдэг шатарчид оролцдогоороо онцлогтой. Энэ удаагийн тэмцээнд 12 орны 13 баг урилгаар оролцож, А болон Б хэсэгт хуваагдан рапид төрлөөр (талдаа 15 минут, нүүдэл бүрт 10 секундын нэмэгдэлтэй) өрсөлдсөн юм.


Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд их мастер С.Билгүүн, гавьяат тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул, ФИДЕ мастер Э.Баасансүрэн нар багтав. Тэд “Б хэсэгт БНХАУ-ын I баг, Казахстан, Египет, Тажикстан, Шри Ланкийн багтай өрсөлдсөн бөгөөд Казахстан, Египет зэрэг улсын хүчтэй багуудыг ардаа шөвгийн дөрөвт шалгарсан юм.


Улмаар хагас шигшээд “А хэсгийг тэргүүлсэн ОХУ-ын багтай учраа тааран өрсөлдөж ялагдсан. Ингээд хүрэл медалийн төлөөх эхний тоглолтод Беларусийн багийг 2:1-ээр буулган авсан бол хоёр дахьд нь 1:2-оор дийлдэв. Хоёр тоглолтын нийлбэр дүн тэнцсэнээр блиц тоглолтоор шийдвэрлэхээр болж, эхний өрөгт 1.5:1.5-аар тэнцсэн бол шийдвэрлэх сүүлийн өрөгт Монголын баг 2:1-ээр хожсоноор хүрэл медаль хүртэн алтан соёмбот далбаагаа Шанхайд мандууллаа.






Холбоотой мэдээ