Цэрэг татлага 14-нд эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-04-12 16:27:24

Увс /МОНЦАМЭ/ 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага Увс аймагт энэ сарын 14-өөс ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх юм байна.Цэрэг татлагаар Монгол Улсын иргэн, 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татах аж. Хугацаат цэргийн албанд татагдах зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт Иргэний үнэмлэх, Цэргийн үүрэгтний үнэмлэх, Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, Нийгмийн даатгалын дэвтэр, оюутан, сурагч бол сургуулийн тодорхойлолт, бусад холбогдох материалыг бүрдүүлж ирэх үүрэгтэй байна. 2017 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг Увс аймгийн найман сумаас хийх аж.

“Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаас зайлсхийсэн иргэнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын батлан хамгаалах асуудал эрхэлсэн нэгжийн даргын шийдвэрээр 250 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна” хэмээн аймгийн Цэргийн штабын дарга Т.Тогтохбаяр мэдээллээ.
Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт буюу 26 нас хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаах юм байна.

Б.Батхүү
 

 

Холбоотой мэдээ