Сайд Ц.Мөнх-Оргил Олон улсын үзэсгэлэнд оролцох уран бүтээлчдийг хүлээн авч баяр хүргэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-24 10:27:39
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил орчин үеийн урлагийн дэлхийн наадам болох “Венецийн биенналь” болон “Докүмента” олон улсын үзэсгэлэнд эх орноо төлөөлөн оролцох нийт уран бүтээлч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг хүлээн авч баяр хүргэх, талархал илэрхийлэх арга хэмжээ ГХЯ-нд болов.
 
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 57 дахь удаагийн “Венецийн биенналь”-д Үндэсний комиссараар ажиллаж байгаа бөгөөд арга хэмжээний үеэр орчин үеийн урлагийн ”дэлхийн олимп” гэх “Венецийн биенналь”-д монголын уран бүтээлчид дахин  оролцох болсонд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, ерөнхий зохион байгуулагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, ивээн тэтгэгч, хандивлагч нарт талархал илэрхийлэв. Тэрбээр манай уран бүтээлчид “Венецийн биенналь”-т хоёр удаа оролцохдоо зөвхөн соёл урлагт хайртай, эх орноо дэлхийд сурталчлах, таниулах хүсэл эрмэлзэлтэй, эх оронч сэтгэлтэй дотоодын бизнес эрхлэгчдийн хандив, тусламжид түшиглэж буйг онцолж, цаашид дэлхий дахинаа Монгол Улсын нэр хүндийг өсөн нэмэгдүүлэх, эерэгээр сурталчлах ач холбогдол бүхий олон улсын арга хэмжээнд монголын талын оролцоог нэмэгдүүлэх, тогтмолжуулахад төр, засгийн байгууллагууд анхаарах, төсөв, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг дурдсан.
 
Олон улсын ААА зэрэглэлийн арга хэмжээ болох “Венецийн биенналь”-д Монгол Улс уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллана.
 
“100 хоногийн музей” нэрээр дэлхийд танигдсан 70 жилийн түүхтэй “Докүмента” олон улсын үзэсгэлэнд манай талаас Б.Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүд зохион байгуулагч талын хүсэлтээр оролцож дэлхийн олон сая урлаг сонирхогчдын нүдийг хужирлахын зэрэгцээ монгол хүний билэг авьяас, уран сэтгэмж, ур чадварыг олон улсад сурталчлан танилцуулна. Тус үзэсгэлэнд манай залуу уран бүтээлч Ц.Ариунтөгс орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлээр, Б.Номин “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдийн агуулга, санааг өнөө цагийн залуу үеийн сэтгэмжээр бүтээж оролцох юм.
 
Дашрамд дурдахад “Венецийн биенналь” үзэсгэлэн урлагийн цахим маркет болох Artnet.com-ын 2017 оны жагсаалтыг тэргүүлж, таван жил тутам зохион байгуулагддаг “Докүмента” удаалжээ. Эдгээр олон улсын үзэсгэлэнд оролцох нь тухайн улс бөгөөд уран бүтээлчдийн хувьд нь асар их хариуцлага, нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог байна.
Холбоотой мэдээ