Ерөнхийлөгчийн сонгуулийн Хоёр дахь шатны санал хураалт эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-07-07 10:50:27
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох Хоёр дахь шатны санал хураалт орон даяар 07 цагт эхэллээ.
Зургадугаар сарын 26-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль улсын хэмжээнд болж, сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдсөн ч нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал аваагүй тул дахин санал хураалт явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос шийдвэрлэсэн билээ. Энэ нь Монгол Улсын анх удаа тохиолдож байгаа зүйл юм. Хоёр дахь шатны санал хураалтад сонгогчдын нэрсийн жагсаалтад өөрчлөлт орохгүй, өөрөөр хэлбэл эхний шатны санал хураалтад оролцсон 1,9 сая иргэн санал өгөх эрхтэй. Харин өмнөх санал хураалтаар хамгийн олон санал авсан МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нар энэ удаад өрсөлдөх юм.
Энэхүү санал хураалт гурван шатлалаар явагдсан гэхэд болно. Энэ сарын 4-5-нд хилийн чанад дахь монголчууын дунд, 6-нд зөөврийн битүүжилсэн хайрцгаар иргэдийн саналыг авсан бол өнөөдөр бүх нийтээр сонгуульдаа оролцож, дээрх хоёр нэр дэвшигчийн төлөө иргэд саналаа өгнө. Санал хураалтаар сонгогчдын ирц 50-иас дээш хувьд хүрсэн байх ба хоёр нэр дэвшигчийн хэн нэг нь 50+1 санал авсан байх ёстой. Хуулиар заасан энэхүү босго хангагдахгүй бол 7 хоногийн дараа нэмэлт санал хураалт, нэмэлт санал хураалт хүчингүй болвол дахин санал хураалт явуулах юм.Энэ тоолонд манай улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулах болоод байгаа юм. Иймд Сонгуулийн Ерөнхий хороо иргэд сонгогчдыг санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалж байна. Хоёр дахь шатны санал хураалтад Засгийн газрын нөөц сангаас 7,4 тэрбум төгрөг гаргаж, СЕХ санал хураалтын бэлтгэл ажлыг богино хугацаанд хангасан. Хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр 22 цагаар тасалбар болно.
Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд