АНУ-ын Сенат төрийн байгууллагуудад “Касперскийн лабораторийн" бүтээгдэхүүнийг ашиглахыг хориглолоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-19 07:45:39
ВАШИНГТОН./ТАСС/. АНУ-ын Конгрессын Сенат даваа гарагт Америкийн төрийн байгууллагуудад Оросын “Касперскийн лаборатори” компанийн программ хангамжийг ашиглахыг хориглосон нэмэлт өөрчлөлтийг дэмжлээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтийг 2018 оны Пентагоны төсвийн тухай хуулийн төсөлд оруулахыг 89 гишүүн дэмжиж, ердөө 8 сенатч татгалзжээ.

Ингэснээр, Конгрессын дээд танхим "Касперский" компанийн бүтээгдэхүүнээс татгалзах АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Засаг захиргааны шийдвэрийг хууль тогтоомжоор баталгаажуулж байгаа юм. Дээрх нэмэлт өөрчлөлтийг Бүгд найрамдах намын Сенатч Жин Шахин санаачилсан ба энэ нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд учрах аюулыг арилгах боломжийг олгоно гэж үзэж байгаа юм. Энэхүү хязгаарлалт нь иргэний болон цэргийн яам, албан газруудад хамаарах ажээ.

Одоо дээрх нэмэлт өөрчлөлтийг Америкийн Конгрессын Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцүүлэх ёстой ба дараа нь АНУ-ын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам лхагва гарагт Америкийн төрийн байгууллагуудад “Касперскийн лабораторийн" бүтээгдэхүүнийг ашиглахаас татгалзахыг уриалсан мэдэгдлийг хийсэн юм. 7 дугаар сарын 11-нд Америкийн төрийн байгууллагуудад ашиглах зорилгоор худалдан авч болох бүтээгдэхүүн нийлүүлэгчдийн жагсаалтаас “Касперскийн лабораторийг" хассан юм.

Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков АНУ-ын эрх баригчдын “Касперскийн лаборатори”-той холбоотой шийдвэрийг улс төржсөн шийдвэр гэжээ. Оросын эрх баригчид АНУ-ын Засгийн газрын энэ үйлдлийг өрсөлдөөний шударга бус аргын илрэл гэж тодорхойлжээ.
О.Барс  
 
Холбоотой мэдээ