Дэлхийн банк группээс мэдээлэл хийв

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-01 12:58:01

Ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлээр өнгөрсөн жилийн хугацаанд 119 улсад нийт 264 бизнесийн шинэчлэл хийлээ хэмээн “Дэлхийн банк групп”-ын тайланд дурджээ.

Өнөөдөр тус байгууллагаас хийлгэсэн хэвлэлийн бага хурлаар дээрх тайлангийн талаар мэдээллээ. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хувьд бизнесийн шинэчлэл илүү хурдацтай хэрэгжиж, өнгөрсөн жил бүс нутгийн хэмжээнд 45 шинэчлэлийг нэвтрүүлсэн байна. Үүнээс Монгол Улс “Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн томоохон шинэчлэлийг хэрэгжүүлжээ. Газар, барилга, орон сууц зэрэг зээлийн барьцааны үл хөдлөх хөрөнгөгүйгээс Монголын жижиг дунд бизнесүүдэд хүндхэн бэрхшээл тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн банк группийн гишүүн Олон улсын санхүүжилтын корпораци Монгол Улсын Хуульзүйн яам, Төв банк, Монголын банкуудын холбоо болон бусад оролцогч талуудтай 2013 оноос хойш хамтран жижиг дунд бизнесүүдэд олгох боломжит зээл, санхүүжилтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 90 мянга орчим барьцааны мэдэгдэл бүртгэгдсэн ба нийт барьцааны зүйлсийн 38 хувь нь тоног төхөөрөмж, 24 хувь нь мал, 5,4 хувь нь дансны авлага, 2,0 хувь нь автомашин байна.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд