Орос цэргийн хөшөөг сэргээн засварлав

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-09 13:47:41

Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 96 жилийн ойн хүрээнд Говь-Сүмбэр аймгийн төвд байрлах “Цэргийн алдар” хөшөөг сэргээн засварлалаа.

1945 онд Зөвлөлтийн армийн генерал И.А.Плиевийн командалсан Зөвлөлт-Монголын  цэргийн ангиуд Чойр орчимд түр байрлаж байсан байна. Хожмоо Байгалийн чанад дахь Зөвлөлтийн цэргийн тойргийн 41 дүгээр мото буудлагын дивиз Монголд байрлаж байх үедээ, 1975 онд эх орны дайны ялалтын 30 жилийн ойд зориулан уг хөшөөг босгожээ. “Цэргийн алдар” нэртэй уг хөшөө нь 13 метр бөгөөд өндрөөрөө Монгол Улсад байрлах Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө,  Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний дараа орох нүсэр том түүхийн дурсгал юм. Он цагийн уртад эмтэрч муудсан хөшөөг Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг  засварласан байна. Сүүлийн жилүүдэд Чойр хотыг зорин ирэх Орос жуулчдын тоо өсөх хандлагатай байгаа бөгөөд тухайн үед ЗХУ-аас Чойрт цэргийн алба хааж байсан цэрэг дайчид тэдний ар гэр, үр хүүхэд, энгийн ажилтан алба хаагчид ирж дурсамжаа сэргээн, хүндлэл үзүүлдэг болжээ. Сэргээн засварласан “Цэргийн алдар” хөшөөг нээх үйл ажиллагаанд ОХУ-ын улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын зөвлөх Евгений Иванович, Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Улаанбаатар төмөр замын нэгдүээр орлогч дарга И.В.Милостных  болон аймаг орон нутгийн удирдлага, иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд