Б. Гантогтох: Иргэдийн тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд бид багагүй хувь нэмэр оруулсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-13 23:30:24

Арваад жилийн өмнө Дундговь аймагт жижиг, дунд үйлдвэрийн эх үндэс тавигдаагүй шахам байхад вакум цонхны үйлдвэр үүдээ нээж байв. Энэ үйлдвэрийг нээж байсан “Шувуутайн хийморь” ХХК өдгөө орчин үеийн хэв загвар бүхий орон сууцны томоохон барилга ашиглалтад оруулаад байгаа юм. Бизнесийн нь амжилтын тухайд захирал Б.Гантогтохтой ярилцлаа.

-Эхэлж би танаас компанийн тань нэрний учрыг асуумаар байна?Ямар утга билэгдэл агуулсан юм бол гэж сонирхоод үзэхэд илүүдэх юун.

- Шувуутай гэж аавын маань нутаг. Миний аав Баатар Дундговь аймгийн Луус сумын Наран багийн харъяат хүн. Энэ нутгийн Ухаа хошуут, Хамарцагаан, Шувуутай уулаар нутаглаж, цэргийн албанд мордох хүртлээ эцэг, эхийн хамтаар мал маллаж аж төрдөг байсан юм. Харин цэргийн албанаас халагдаж ирээд аймгийн Цагдаагийн хэлтэст олон жил ажилласан. Дараа нь аймгийн Эрчим хүчний байгууллагад ажиллаж байгаад гавъяаныхаа амралтыг эдэлсэн, улс нийгмийнхээ хөгжилд хөдөлмөр зүтгэл, сэтгэл зүрхээ зориулсан эгэл жирийн мянган мянган аавуудын л нэг.

Аавын төрж өссөн, амьдралын дөрөө жийсэн учраас би өөрөө төрөөгүй ч энэ  нутгийг сэтгэлийн гүнээс хүндэтгэж явдаг юм аа. Тиймээс л эргэлзэлгүйгээр компаниа анх байгуулахдаа л ингэж нэрлэсэн.

Аав маань нутаг усаа их шүтэж, хайрладаг хүн байсан. Нутгаа сүсэлсэн аавын тэр хайр хүндлэлийн учгийг би хүүгийн хувьд  хөвөрдөн, үл таслах учиртай гэж ойлгодог. Компаниа байгуулсаны дараахан Шувуутай уулаа тахисан. Энэ маань аавын ах дүү, хамаатан садан бүгдийн сэтгэлийн дэм, хүчээр уламжлал болон тогтож, арваад жил бид Шувуутай уулаа  хүндэтгэх ёслолыг үйлдэж байна.

-Монгол ахуйн сайхан уламжлал тогтжээ...

- Баярлалаа. Нутаг усаа дээдэлж, шүтэж явах ухаан үе үедээ л ингэж өвлөгддөг шүү дээ.

-Нэгэн цагт Дундговь аймаг барилгын материалын том үйлдвэртэй байсан. Тэр зиндааны үйлдвэр эргээд босч ирж дөнгөөгүй. Харин таны хувьд вакум цонхны үйлдвэрийг байгуулж чадсанаараа жижиг дунд үйлдвэрлэлийг орон нутагт хөгжих эх суурийг тавьсан юм уу даа гэж боддог?

-Вакум цонхны үйлдвэрээ нээсэн үе бол 2005 он шүү дээ. Яг үнэндээ орон нутагт маань хүнсний том үйлдвэр, ганц нэг жижиг цехээс өөрөөр үйлдвэрлэл гэж байгаагүй. Би чинь 1998 оноос хувийн бизнес эрхэлж эхэлсэн хүн. Бизнес хийж байгаа хүнд урагш, хойш явах ажил мундахгүй их. Тэгж явахдаа хэзээ нэгэн цагт би бүтээгч бизнестэй болно, тэр маань үйлдвэрлэл байна,  гэхдээ яг ямар үйлдвэрлэл байвал оновчтой байх вэ гэж байнга боддог байсан л даа.

Аливаа хот, төв суурин газрын өнгөтэй өөдтэй байх анхдагч төрх нь юу вэ гэвэл барилга байшин байдаг. Барилга байшинг өнгөлөг харагдуулах зүйл юу вэ гэхээр цонх байна. Цонх хэдий чинээ саруул, тунгалаг байна төдий чинээгээр барилга байшин өнгөлөг. Хамгийн гол нь  тохь тухыг хангана. Энэ утгаар би нэг удаа Мандалговийнхоо барилга байшингуудын цонхыг ажсан юм. Энэ бол цонхны үйлдвэрээ нээх үндэс нь болсон гэх үү дээ.

Хэрвээ орон нутагтаа цонхны үйлдвэртэй болчихвол иргэд салхи сийгэж, шороо шуурсан цонхоо хөвөн чихэж дулаалдагаа больж, өөртөө тохь тухыг бүрдүүлж чадна. Ингээд л эргэлт буцалтгүйгээр вакум цонхны үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг авчирч, үйлдвэрлэлээ эхлүүлсэн дээ.

- Хөл дээр нь босгоход хялбаргүй байсан биз?

-Хэцүү ч гэх нь хаашаа юм. Бас амархан байсан гэж хэлэх ч аргагүй. Яахав, зорьсон үйл болохоор зүтгэсэн л хэрэг.

Хөрөнгө оруулалт маш их шаардагдаж байсан. Шинэ тутамд болохоор ажилчдаа сургаж дадлагажуулахаас эхлээд техник тоног төхөөрөмж дээрээ туршлагажих гээд үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зүгшрүүлэхэд хоёр жилийн хугацааг зориулсан. Үүний эцэст сая үйлдвэр байгуулахад оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж, захиалга нийлүүлэлт  жигдэрч, ажилчид маань ч ажлаа гартаа оруулж чадсан юм.

Нэг л мэдэхэд аймгийн төвийн барилга байшингийн наяад хувийнх нь цонх шинэчлэгдэж билээ. Иргэдийн аж төрөх тав тухтай нөхцлийг бүрдүүлэхэд манай үйлдвэр бага ч гэсэн дэм болсон болов уу гэж боддог доо.

-Уржнан жил байна уу, Мандалговийн “Залуус” хороололд барьсан орон сууц социализмын үеэс хойш баригдсан орон сууцны томоохон барилга боллоо гэж хүмүүс олзуурхаж байсан шиг санагдаж байна? 40 айлынх билүү?

- Тийм ээ. Компанийнхаа нэг тэрбум 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 40 айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан.

- Барилга үйлдвэрлэлээ хэзээ эхэлсэн юм бэ?

-Манай компани 2007 онд барилгын тусгай зөвшөөрөл авснаар барилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Барилгын засвар үйлчилгээ, барилга угсралт гээд бидний бүтээн байгуулалт хуруу дарж тоолоход тавь шахамд хүрнэ ээ.

Барилга угсралтын хувьд  хөдөөгийн суманд цагдаагийн бичил байр барихаас эхэлсэн. Мандалговьд барьсан 40 ажлын орон сууц бол цутгамал, бидний барьсан анхны томоохон барилга байсан. Дараа нь өнгөрсөн жил Гурвансайхан сумын төвийн дэд бүтэцийг түшиглээд 12 айлын орон сууц мөн барьсан. Одоо Луус суманд цагдаагийн бичил байрын барилга угсралт эхлээд байна.

-Хөдөө орон  нутагт барилгын компанийг бэхжүүлж авч явах бэрх үү? Мэргэжилтэй ажиллах хүчнээр хангагдахаас эхлээд...

-Яахав, ажлын байраа тогтвортой хадгалж байх л хэрэгтэй байдаг. Зун нь ажиллаад, өвөл нь ажилчдаа тараачихна гэхгүй. Нэгэнт барилгын салбарт хөл тавьсан болохоор компаниа энэ чиглэлийн мэргэжилтэй ажиллах хүчнээр бэхжүүлэхийг зорьсон. МСҮТ-д дөрвөн хүнийг барилгын чиглэлийн мэргэжлээр суралцуулж төгсгөсөн. Барилгын салбар эрчтэй хөгжиж байгаа энэ үед шинэ шинэ технологиос хоцролгүй суралцаж, өрсөлдөх чадвараа ахиулахад байнга анхаардаг.

- Хэр олон  ажлын байр бий болгосон бэ, танай компани?

-Анх цонхны үйлдвэртээ 10 ажлын байртай болж байсан. Одоо хоёр дахин нэмэгдэж, хорь илүү тооны  ажилтантай. Нэг ажлын байрын цаана нэг өрхийн амьжиргаа багтаж байдаг. Энэ утгаараа компани удирдаж байгаа хүний хувьд ихээхэн хариуцлага үүрч явдаг даа. Үйл ажиллагаагаа аль болох тогтвортой байлгаж, компаниа хөгжүүлэх, эдийн засгийн хямрал, алив нэгэн эрсдэл, саад бэрхшээлийг зөв тооцож ажиллах, зөв менежмэнтийн бодлоготой байх гэх зэргээр...

Үйлдвэрлэл бол яах аргагүй л олны хүчээр хөдлөх учиртай хөдөлгүүр л дээ. Тийм ч учраас ажлын байр олноор бий болдог талбар бол үйлдвэрлэл юм.

-Ингэхэд танай компани хэдий хэр хэмжээний татварыг орон нутгийнхаа орлогод төвлөрүүлдэг вэ?

-Төлж буй татварын хэмжээ компаниа байгуулснаас хойш өсч яваа. 2015 оныхоор авч үзвэл жилд 100 гаруй сая төгрөгийн татвар оруулсан.

-Хэрвээ нууц биш бол бизнесийн шинэ үүд хаалга нээх үү?

-Ойрын хугацааны зорилго бий бий. Бид барилгаа барьж байна. Барилгынхаа цонхыг хийж байна.  Одоо харин модон хаалга, барилгын чулуун материалын үйлдвэртэй болж, барилгын шинэ төрлийн материалын үйлдвэрийг орон нутагт дахин бий болгохоор зорьж байна. Энэ бол ойрын зорилт.

Одоо удахгүй хонины ноос угаах үйлдвэр үүдээ нээнэ. Үүнийг манай компани дэмжиж, миний төрсөн дүү найз нөхөдтэйгээ эвсэн байгуулж байна. Хонины ноосыг цэвэрлэн угааж, боловсруулсан түүхий эд болгож гаргах юм. Хөдөө орон нутагт хонины ноосоор бүтээгдэхүүн урладаг өрхийн жижиг үйлдвэрлэгчид олон байдаг. Ноосыг угааж цэвэрлэнэ гэдэг тэдэнд цаг хугацаа, хүч хөдөлмөр нэлээд зарцуулдаг хүндхэн ажил болдог. Тэгвэл энэ үйлдвэр хичнээн л бол хичнээн хэмжээгээр ноосыг нь угааж цэвэрлээд  өгөх боломжтой болно гэсэн үг. Хонины ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг орон нутагт хөгжүүлж, Дундговийн брэнд бүтээгдэхүүн төрүүлэхэд энэ үйлдвэр томоохон хувь нэмэр оруулна гэж бодож байгаа.

Т. Отгонтуяа

Related news