Дэлхийн Доноруудын өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-14 15:25:50

Жил бүр зургадугаар сарын энэ өдөр Дэлхийн цусны Донорын өдөр тохиодог. ”Цусаа бэлэглэж, амьдрал тэтгэе” уриан дор энэ өдрийг Дундговь аймгийн Донорууд спортын уралдаан тэмцээн зохион байгуулан хамтдаа тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тус аймагт сүүлийн жилүүдэд цусны донорын эгнээ өргөжиж, өнөөдрийн байдлаар 300 гаруйд хүрсэн бөгөөд тэд жилд дунджаар 80 орчим литр цусыг бусдын амьдралыг тэтгэхийн тулд бэлэглэдэг байна. Өдгөө тэдний эгнээнээс 78 Хүндэт донор, Энэрэнгүй үйлстэн, “Шударга журам” медальтан арав гаруй донор төржээ.

Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын тулд өөрийн биеэс хувааж өгсөн цусандаа хэзээ ч харамсдаггүй, хэзээ ч хариу нэхдэггүй. Тэгэх ч аргагүй ариун үйлсийн эзэн болж яваадаа бахархаж байдгаа донорууд хуваалцсан юм. Тэд ингэж жил бүрийн энэ өдрийг хамтдаа өнгөрүүлдэг нь доноруудын үйлс, донор хүн байхын ач тусыг бусдад таниулах нөгөө талаар донорууддаа хүндэтгэл үзүүлдэг ач холбогдолтой байдгийг Нэгдсэн эмнэлгийн цусны банкны бага эмч С. Өлзийсайхан хэллээ. Энэ хэрээр ч донорууд бие биеэ таньдаг, нэг хамт олон шиг болж чадсан байдаг гэлээ.

Т. Отгонтуяа

 

Related news